ДОРНОД: Халх гол, Буйр нуурын сав газрын гурван цэгт ус судлалын харуул ажилладаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2025 оны есдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Халх гол, Буйр нуурын сав газрын гурван цэгт ус судлалын харуул ажиллаж байгаа нь дутагдалтай юм. Учир нь дэлхийн цаг уурын байгууллагаас гаргасан ажиглалт хэмжилтийн сүлжээний нягтшлын стандартаар тухайн сав газарт ус судлалын 6-8 харуул ажиллах шаардлагатай. Энэ стандартыг хангаж байж усны горим, нөөцийн ажиглалт хэмжилт, үнэлгээний нарийвчлалыг хангах боломжтой болно.
Монгол
оны зүүн бүсийн томоохон голын нэг болох Халх гол нь БНХАУ-ын нутаг дахь Их
Хянганы нуруунаас эх авч Буйр нуурт цутгадаг. Ус хурах талбай нь 78360 ам км,
үүний 7440 ам км нь манай улсын нутагт хамаардаг. Халх голын нийт урт нь 435
км, үүний 265 км нь Монгол улсын нутагт бий. Харин Буйр нуурын талбай 615 хавтгай дөрвөлжин км, хамгийн урт нь зүүн
хойноос баруун урагш 40 км, өргөн нь 21 км, эргийн шугамын урт 113 км цэнгэг
нуур юм. Усны гүн нь дунджаар 6-10 метр боловч хамгийн гүн хэсэгтээ 10-50 метр
хүрэх нь ч бий. Нуурын өмнөд эрэг хавиар түрэлт давалгаагаар үүссэн 3-5 метр
элсэн далан үргэлжлэх бөгөөд Оршуун гол эндээс эх авч урсдаг учраас эргийн
дагуу бургас, нишингэ шигүү ургасан байдаг. Монгол Улсын “Улаан ном”-нд
бүртгэгдсэн “леандер 1778” нэртэй хавч зөвхөн Буйр нуурт амьдардаг.