М.Базаррагчаа: Үгийн гарал судлал нь тухайн үндэстэн бие даасан хэлтэйг илтгэх чухал зүйл болдог

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
b.garmaa@montsame.gov.mn
2025-09-26 13:02:24

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шинжлэх Ухааны гавьяат зүтгэлтэн, МУИС-ийн профессор, хэл шинжлэлийн ухааны доктор Мөнхжаргалын Базаррагчаагийн 80 насны ойг тохиолдуулан эрхэм багштай ярилцлаа.


М.Базаррагчаа багшийн 80 насны ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 26-нд МУИС-д зохион байгуулсан юм.


Тэрээр монгол хэлний мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, эх хэлээ судлах эрдэм шинжилгээний ажилд 50-иад жил үр бүтээлтэй ажиллаж, энэ хугацаанд ерөнхий хэл шинжлэл, хэл шинжлэлийн удиртгал, авиа судлал, бүтээвэр судлал, монгол үгийн гарал судлал, өгүүлбэр судлал, хэл бичгийн ухаан болон монгол хэл заах аргын хичээл зааж, 6 доктор, 40 магистр, 50 гаруй бакалаврын суралцагчийн судалгааны ажлыг удирдан хамгаалуулж, олон мянган шавь бэлтгэсэн билээ.


-Мэргэжлээ хэрхэн сонгосон талаараа ярьж өгнө үү. Сурагч байхаасаа л бодож байв уу? 

-Тэгсэн. Яагаад гэвэл 1959 онд “Эрдэм дэлгэрүүлэх нийгэмлэг”-ээс нэгэн товхимол гаргасан байсан юм. Түүн дээр Б.Ринчен гуайн “Монгол хэл гэдэг сонин сайхан мэргэжил байдаг юм шүүгэсэн өгүүлэл нийтлүүлсэн байсныг уншаад монгол хэлийг гүнзгийрүүлэн сонирхон судлах хүсэл их төрсөн.

Тэр өгүүлэлд, нэг үгийн гарлыг тайлбарласан байсан юм. “Орос хэлний масло гэдэг болмазать” зунгааралдах хэмээх үгнээс үүссэн хэмээн тайлбарласан байлаа л даа. Харин монгол хэлний тос гэдэг үг яаж үүссэн талаар толийх, толилзох, толигоргэх мэт үгнээс үүссэн ингэж тайлбарласан байдаг юм байна. Энэ нь миний сонирхлыг их татсан л даа.

10 жилээ төгсөөд Улсын Багшийн Дээд Сургуулийн монгол хэлний ангид орсон. Тэнд үгийн гарал ч нэг их төдийлөн ярихгүй. Д.Төмөртогоо багшийн лекц сонсож байж түүхэн хэл зүйг ойлгох болсон. Төгсөхдөө  үгийн гарал судлалаа түр орхисон байлаа. Би чинь “Монгол хэлний нийлмэл өгүүлэхүүн” гэдэг сэдвээр дипломын ажлаа хамгаалж төгссөн юм. Ингэж л монгол хэлдээ бүр ч сонирхолтой болсон.


-Монгол хэлээ заах ажлын гараагаа хаанаас эхлүүлэв?

-Төгсөөд Хөвсгөл аймагтаа очоод Ихул суманд очиж хоёр жил багшилсан. Дараа нь төрөлх сургуульдаа буюу аймгийн төв дээр очиж мөн хоёр жил багшилсан. Тэгээд л наашаа хот орж ирэх болсон. Хот орж ирээд 1 дүгээр сургуульд багшилж байгаад Улсын Багшийн Дээд сургуульд 14 жил багшилсан. Багшийн мэргэжил дээшлүүлэх институтэд 3 жил, Монгол Улсын Их сургуулийн Монгол хэл, соёлын сургуульд 27 жил багшилжээ.


-Таны судалгааны ажил бусад эрдэмтнийнхээс юугаараа ялгаатай вэ? Шинэлэг тал нь юу бол?

-Миний судалгааны ажлын онцлог нь үг судлал, ялангуяа үгийн гарлын асуудалд гүнзгий анхаарсан явдал юм. Энэ чиглэлээрээ би найман цуврал бүтээл гаргасан бөгөөд тухайн үед Г.Рамстедт, Н.Поппе, Оросын Г.Санжеев зэрэг гадаад дотоодын эрдэмтдийн судалгаатай харьцуулан, шинэ тайлбар, үндэслэлүүдийг санал болгосон.

Дараагаар нь өгүүлбэр зүй, найруулга зүй рүү чиглэсэн. Өгүүлбэр зүй бол зөвхөн хэлний бүтцийг тайлбарлахаас гадна хүний үйл явдал, сэтгэлгээ, харилцааг бүрэн илэрхийлдэг онцлогтой. Иймээс би өгүүлбэр зүйг заахдаа зөвхөн онолын талаас нь бус, багш, оюутан, сурагчдад өдөр тутам бичиж, найруулахад хэрэг болохуйц практик хэрэглээтэйгээр тайлбарлаж ирсэн.

Ингэснээр миний ажил зөвхөн хэл шинжлэлийн хүрээнд үл зогсож, сургалтын арга зүйтэй холбогдож, багш нарт заах арга, сурагчдад ойлгуулах аргачлалтай уялдсан. Энэ нь бусад эрдэмтдийн цэвэр онолын судалгаанаас ялгарах, практик хэрэглээнд ойр шинэ тал болсон гэж боддог.


Сурв:М.Базаррагчаа багшийн үгийн гарал судлалын онцлог болбоос үгийн үндэс, язгуурыг судлахаас гадна монгол хэлний бүх бүтээврийг хамтатган судалсанд оршино. Ингэхдээ монгол хэл бол өөрөө өөрийгөө тайлах түлхүүртэй гэдгийг нотолсон юм.


- “Монгол хэлний журамласан толь”-ийг боловсруулахад голлох үүрэгтэй оролцсон эрдэмтний нэг нь та. Хэрэглээнд нэвтрүүлээд даруй долоон жил болж буй энэ толийн ач холбогдлыг тодорхойлбол.

-Энэ толь бол нийтийн дунд янз бүрээр бичигддэг зарим үгийг журамлах л зорилготой. Үүнийг Ц.Дамдинсүрэн гуайн гаргасан дүрэмд түшиглээд жигдэлсэн. Энэхүү толийг гаргаснаараа эргэлзээтэй үгсийг өөр өөрөөр бичих нь багассан болов уу гэж боддог.


-Нийтийн дунд “Бидний үед ингэж бичдэг байсан, одоо өөрчлөгчдчихсөн юм уу?” гэх мэт ойлголт байдаг. Үнэндээ бол монгол хэлний дүрэм өөрчлөгдсөн удаа байхгүй шүү дээ. Яагаад ингэж ярьцгаах болсон юм бол?

-Хэллэгээрээ бичих гээд байдаг дээр л ийм зүйл үүссэн болов уу. Жишээлбэл, нударга гэхийг нудрага, азарга гэхийг азрага гэх мэт. Түүнээс биш монгол хэлний зөв бичих дүрмийг хүмүүс  өөрчлөөд байгаа юм биш.

Толь бичиг бол хамгийн чухал шүү дээ. Нийтэд тайлбар толь, нэвтэрхий толь, зөв бичгийн дүрмийн толь, утгын толь гэх мэт олон толь буй.

Нийтийн хэрэгцээнд байдаг толь бол ерөөс хүн болгоны ширээн дээр байж байх ёстой зүйл байдаг. Толь сайн ашиглаж сурах хэрэгтэй.


- Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн нэг гишүүн нь Та. Эх хэл, бичиг соёлоо хөгжүүлэх, хамгаалахад энэ зөвлөлийн үүрэг оролцоо их биз?

-Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл байх нь зайлшгүй хэрэгтэй. Энэ зөвлөл нийтийн хэлний боловсролд чухал үүрэгтэй. Хөдөө суманд очиход ч хүмүүс хэлний асуудлын талаар ярьдаг нь зөвлөлийн ажлын үр дүнг харуулж байна. Зөвлөлийнхөн журамласан толь, тайлбар толь, ном зохиол зэргээ олонд түгээх нь нийтийн хэлний боловсролд сайнаар нөлөөлдөг гэж боддог. Ийм зөвлөл бусад оронд ч байдаг бөгөөд манай улсад ч эх хэл, бичиг соёлоо хамгаалахад зайлшгүй хэрэгтэй байгууллага.


-Үгийн гарлыг судлахын чухал нь юунд орших вэ?

-Хэл, соёл, сэтгэхүй бол үндэстний онцлогийг ялгаруулдаг үүгээрээ  үндэстний тусгаар тогтнолын баталгаа ч болдог.

Үгийн гарлыг судална гэдэг бол тэр үндэстэн биеэ даасан хэлтэй юм байна гэдгийг илтгэх чухал зүйл.

Үгийн гарал судлалын хоёр томоохон онол байдаг нь мөчирлөх болон бэлчирлэх онол. Мөчирлөх онол нь нэгэн нийтлэг хэлээс салаалж олон хэл бий болсон гэж үздэг. Өөрөөр хэлбэл модны мөчир шиг, гарын хуруу шиг салаалж хэл үүссэн гэх онол. Бэлчирлэх онолын хувьд бол янз бүрийн бие даасан ард түмэн харилцан нөлөөлсөөр хэлээ үүсгэсэн гэж үздэг. Судалгаанд аль алиныг нь үгүйсгэхгүйгээр хэрэглэдэг.


-Шинжлэх ухаанд насаараа зүтгэжээ. Судалсан, багшилсан ажил үйлсээ 80 насны өндөрлөгөөс товч дүгнэвэл...

рдэмтэн багш нарынхаа хүчээр өдий хүрлээ. Ш.Лувсанвандан багшаар хичээл заалгаж байгаагүй ч зохиол бүтээлийг нь маш сайн уншдаг. Б.Ринчен гуайн зохиол, бүтээлийг ч тэр. Ерөөс гадаад, дотоодын судлаач, эрдэмтдийн бүтээлүүдийг ч их уншиж судалж, харьцуулж судалсан.

Үүн дундаасаа өгүүлбэр зүйг сонгон их судалжээ. Өгүүлбэр зүйг сонгож судлахад А.Бобровниковын 1849 онд гаргасан халимаг хэлний зүй бол маш сайн нөлөөлсөн.




-Сайн эрдэмтний сайн бүтээл сурагч, оюутан гэлтгүй судлаачдад ч түлхэц болдог байх нь ээ...

-Тэгэлгүй яах вэ. Өмнөх судалгааг үзэхгүйгээр судалгаа хийнэ гэдэг их учир дутагдалтай. Шинжлэх ухааны бүтээлд заавал эш татаж авдаг. Энэ их чухал зүйл.

Мөн шинжлэх ухаан гэдэг бол ерөөсөө хамтын бүтээл гэж үздэг. Хэдийгээр тусгай хүн бичсэн боловч тэр дотор бусад эрдэмтний судалсан зүйл байж л байдаг. Энэ бол зарчим.  

Байгалийн ухааны салбарт бол  нээлттэй холбоотой зүйлүүд их байдаг. Харин манай хэл шинжлэлд бол нээлт гэж их ярьдаггүй. Ер нь нээлтийн шинжтэй юм бол байна л даа.

Жишээлбэл, Ш.Лувсанвандан гуайн “Орчин цагийн монгол хэлний авиа зүй”, “Орчин цагийн монгол хэлний хэл зүй” тэр дундаа бүтээврийн тухай бичсэн бүтээл туурвисан. Үүнд нээлтийн шинжтэй, урьд өмнөх эрдэмтэд хэлээгүй шинэ санаанууд байдаг юм. Энэ хоёр ном бол монгол хүн биеэ дааж бичсэн хамгийн чухал ном.


Сурв:Түүний монгол хэл судлалын бүтээлүүд оюутан, сурагч, мэргэжлийн багш, судлаачдад ч чухал гарын авлага, эх сурвалж болсоор буй. 


- Та сүүлийн үед ямар шинэ судалгаа хийж байна. Таныг ном гаргах гэж байгаа тухай сонслоо.

-Сүүлийн гурван жил монгол хэлний орчин цагийн нийлмэл өгүүлбэрийн талаар судалгаа хийж байна. Жишээгээ цуглуулаад л байж байна даа.

Нийлмэл өгүүлбэр яагаад чухал вэ гэхээр бичиж найруулахад чухал үүрэгтэй юм.

Дунд сургуулийн сурах бичгүүдийг хараад байхад, өгүүлэхүүн, өгүүлэгдэхүүн, тусагдахуун, байц гишүүн, тодотгол гишүүн гэсэн цөөн хэдэн жишээг авч тайлбарласан байдаг юм байна. Үүнийг нэлээн өргөн, дэлгэрүүлж судлаад, ном бичих гээд байж байна. Арай дуусаагүй л байна.


-Хэрхэн нарийвчилж байгаагаа цөөн жишээгээр хэлж өгч болох уу?

-Нийлмэл өгүүлбэртээ уран зохиолын жишээнүүдийг авсан. Өгүүлбэрийн 150 гаруй холбоос байна. Тэгэхдээ бид “ба, бөгөөд, -нгуут, -нгүүт, -хлаар...” зэрэг цөөн хэдхэн үгээр л холбоод байдаг. Эдгээрээс гадна “Оруулсны зэрэгцээ, оруулсны дээр, оруулсны хажуугаар” гэх мэт задлаг хэлбэрийн жишээг хэлж болохоор байна. Өөрөөр хэлбэл ойролцоо үгээр холбох арга байна. Энэ мэт олон жишээг дэлгэрүүлж бичиж байна.


Связанные новости