СҮХБААТАР: Ляонин мужийн Шэньян мэргэжлийн технологийн коллежид анх удаа оюутан элсүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-09-25 16:57:04

Баруун-Урт, 2025 оны есдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Ляонин мужийн Шэньян мэргэжлийн технологийн коллежид Сүхбаатар аймгаас анх удаа энэ хичээлийн жилд оюутнууд элсэн суралцаж байна. Аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын санаачилгаар хэрэгжсэн тус тэатгэлэгт хөтөлбөрт орон нутгаас найман сурагч хамрагджээ.

 

Оюутнууд эхний нэг жил хятад хэлний бэлтгэлд суралцаад, ирэх хичээлийн жилээс үндсэн мэргэжлийн хичээлээ үзнэ.


 

Сүхбаатар аймаг болон БНХАУ-ын Ляонин муж хоорондын хамтын ажиллагааны хүрээнд аймгийн Засаг дарга М.Идэрбатаар ахлуулсан ажлын баг тус мужид есдүгээр сарын 24-29-ний өдрүүдэд ажиллаж байна. Энэ хүрээнд тус коллежийн үйл ажиллагаатай танилцаж, орон нутгаас элсэн суралцаж буй анхны оюутнуудын төлөөлөлтэй уулзаж, сурлагын амжилт хүсээд батламж гардуулжээ.

 

Засаг дарга М.Идэрбат, шантралгүй тууштай байж, нийгэмд эрэлттэй, нарийн мэргэжлээр амжилттай суралцан хамгийн гол нь төгсөөд орон нутагтаа ажиллаж амьдрахыг тэдэнд захисан байна.

 

Сүхбаатар аймаг цаашид хамтын ажиллагааны хүрээнд тус коллежид жил бүр  оюутан сургах талаар ярилцаж, хэрэгжүүлэхээр болжээ.  

 

Тус коллежид 60 гаруй мэргэжлээс сонгон суралцах боломжтой юм байна.

 

Связанные новости