Монгол, Армени улсын иргэд харилцан визгүй зорчих эрх зүйн орчин бүрдлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол, Армени улсын иргэд харилцан визгүй зорчих эрх зүйн орчин бүрдлээ.
Тодруулбал, Гадаад
харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Ерөнхий
санал шүүмжлэлд оролцох үеэр Бүгд Найрамдах Армени Улсын Гадаад хэргийн сайд
Арарат Мирзоянтай уулзаж, “Дипломат,
албан, энгийн паспорт
эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд
Найрамдах Армени Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт
оруулах тухай протокол”-д гарын үсэг зурав.
Ингэснээр хоёр
улсын иргэд харилцан визгүй зорчих эрх зүйн орчин бүрдэж байгаа бөгөөд аялал жуулчлал, соёл,
боловсрол, иргэд хоорондын солилцоог идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтойг Гадаад харилцааны яам мэдээллээ.
Гадаад харилцааны сайд нар Монгол, Арменийн уламжлалт
найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хоёр талын хүч чармайлтын дүнд харилцан
сонирхсон салбаруудад
идэвхтэй өргөжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлж, цаашид хамтын
ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ялангуяа худалдааны эргэлтийг нэмэх боломжийн
талаар дэлгэрэнгүй ярилцжээ.
Түүнчлэн манай хоёр улсын НҮБ, олон улсын бусад байгууллагын хүрээн дэх идэвхтэй хамтын ажиллагаа болон олон улсын зарим асуудлаар санал солилцсон байна.
Монгол Улс Бүгд Найрамдах Армени Улсын хооронд 1992 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр дипломат харилцаа тогтоожээ.