Австрали улс хүлэмжийн хийн ялгарлыг 62-70 хувиар бууруулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
КАНБЕРРА, 2025 оны есдүгээр сарын 18 /AFP/. Австралийн Холбооны Улс ирэх 10 жилийн хугацаанд хүлэмжийн хийн ялгарлыг 2005 оны түвшнээс 62-70 хувиар бууруулна гэдгээ пүрэв гарагт мэдэгджээ.
Парисын хэлэлцээрийн дагуу дэлхийн улс бүр 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах хувь хэмжээ, түүнд хэрхэн хүрэх талаарх нарийвчилсан төлөвлөгөөгөө НҮБ-д танилцуулах ёстой юм.
“Бид шинжлэх ухааныг салбарын дүгнэлтийг сонсож, Австралийн үндэсний ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргадаг” гэж Ерөнхий сайд Энтони Албанезе дээрх зорилтыг танилцуулах үеэрээ хэлжээ. Энэхүү шинэ зорилт нь Канад болон хөрш Шинэ Зеландын зорилтоос дээгүүр байгаа боловч Их Британийнхаас доогуур байгаа юм.
Дэлхий даяар хүлэмжийн хийн ялгарал нэмэгдэж байгаа учраас Парисын хэлэлцээрээр тохиролцсоны дагуу дэлхийн дулаарлыг тогтоон барихын тулд 2030 он гэхэд хийн ялгарлыг ойролцоогоор хоёр дахин бууруулах шаардлагатай байгаа юм. Австралийн эрх баригчид өмнө нь мэдэгдэхдээ, 2030 он гэхэд хүлэмжийн хийг 2005 оны түвшнээс 43 хувиар бууруулахаа амласан байна.
Улс орнууд энэ оны эхээр шинэчилсэн зорилтоо ирүүлэх ёстой байсан боловч Парисын хэлэлцээрт нэгдсэн 200 орчим улсаас ердөө 10 нь хугацаандаа ирүүлсэн гэж НҮБ-ын мэдээллийн санд дурджээ. Улс орнуудын 2030 он гэхэд хүрэхээр дэвшүүлсэн өмнөх зорилтуудад үндэслэн тооцоолбол энэ зуунд манай гараг Цельсийн 2.9 хэмээр дулаарах төлөвтэй байгааг Уур амьсгалын өөрчлөлт судлалын газраас өмнө нь анхааруулсан юм.
Агаарын хэм нэмэгдэж байгаа нь 27 сая гаруй хүн амтай Австралид үлэмж ихээр нөлөөлнө гэсэн уур амьсгалын эрсдэлийн үнэлгээг энэ долоо хоногт гаргасны дараа тус улсын эрх баригчид дээрх мэдэгдлийг хийжээ. Тодруулбал, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй далайн түвшин дээшилж, үерийн гамшиг нүүрлэснээр 2050 он гэхэд нэг сая гаруй австраличуудын гэр орон, амьжиргаанд сөргөөр нөлөөлнө гэдгийг анхааруулсан юм.
Тус улс нарны эрчим хүч, салхин цахилгаан үүсгүүр, ногоон
үйлдвэрлэлд олон тэрбумыг зарцуулж, улс орноо сэргээгдэх эрчим хүчний супер
гүрэн болгохоо амласан билээ. Гэвч
Австралийн энэхүү амбиц нь олборлодог түлшнээс ихээхэн хамааралтай байдалтай нь зөрчилдөж
байна.
Австрали улс дэлхийн хамгийн том нүүрс экспортлогчдын нэг хэвээр байгаа бөгөөд нүүрсний салбарт ихээхэн хэмжээний татаас өгсөөр байгаа юм. Тус улс ирэх онд болох НҮБ-ын уур амьсгалын асуудлаарх дээд
хэмжээний уулзалтыг далайн түвшин
нэмэгдэх аюулд өртөөд буй Номхон далайн арлын хөрш орнуудтайгаа хамтран зохион байгуулах санал
тавьсан билээ.