Хөнгөн атлетикийн ДАШТ-ий марафон гүйлтийн төрөлд Кенийн тамирчин түрүүлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2025-09-14 12:40:13

ТОКИО, 2025 оны есдүгээр сарын 14 /Kyodo/. Японы нийслэл Токио хотноо Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ үргэлжилж байна. Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эмэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээн болж, Кенийн тамирчин Перес Жепчирчир түрүүллээ. 2020 оны Олимпод аваргалж байсан Жепчирчир 2 цаг 24 минут 43 секундийн амжилт үзүүлжээ.


Кенийн тамирчин сүүлийн 100 метрийн өрсөлдөөнд 2 секундээр хоцорч явсан Этиопын тамирчин Тигист Ассефуг (өнгөрсөн онд Парист болсон ДАШТ-ий мөнгөн медальт) гүйцэж түрүүлсэн байна. Гуравдугаар байрыг Их Британийн тамирчин Жулия Патернаин эзэллээ. Түүний хувьд энэ улирлаас Уругвай улсыг төлөөлж байгаа юм. Тэрбээр 2 цаг 27 минут 23 секундэд барианд оржээ.  


Хөнгөн атлетикийн 20 дахь удаагийн ДАШТ Токио хотноо өчигдөр спорт алхааны 35 км-ийн төрлөөр эхэлсэн юм. Спорт алхааны энэ төрөлд Канадын тамирчин Эван Данфи 2 цаг 28 минут 22 секундийн амжилтаар түрүүлсэн бол Бразилын Кайо Бонфим 33 секундээр хоцорч, хоёрдугаар байрт оржээ. Гуравдугаар байрыг Японы тамирчин Кацүки Хаято эзэлсэн байна. Кацүки ДАШТ-ээс зургаа дахь медалиа хүртлээ.


Эмэгтэйчүүдийн төрөлд алтан медалийг Испанийн тамирчин Мария Перес 2 цаг 39 минут 01 секундийн үзүүлэлтээр хүртсэн бол хоёрдугаар байрыг Италийн тамирчин Антонелла Палмисано (2:42:24), гуравдугаар байрыг Эквадорын тамирчин Паула Милена эзэлсэн байна. 


Связанные новости