“Улаанбаатар Амазонс” баг Азийн лигт тоглоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг эмэгтэйчүүдийн дээд лигийн аварга “Улаанбаатар Амазонс” баг Азийн лигт тоглохоор болжээ.
Тодруулбал, Монголын Сагсан бөмбөгийн холбооноос Олон улсын сагсан бөмбөгийн холбоонд хүсэлт тавьсны дагуу Азийн сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн лигийн хоёр дахь улирлын тоглолтод манай улсаа баг оролцохоор болсон нь “Улаанбаатар Амазонс” юм. Энэ сарын 23-28-нд БНХАУ-д болох энэ тэмцээнд Монгол, Япон, Солонгос Тайвань, Саудын Араб, Хятадын лигийн аваргууд хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөнө.
“А” хэсэгт Хятадын лигийн аварга “Донгуан Нью Сентури”, Тайванийн аварга “Катай Лайф”, Монголын аварга “Улаанбаатар Амазонс” баг багтжээ. Харин “В” хэсэгт Японы аварга “Фүжицү Рэд Вэйв”, Солонгосын “Бусан Сум”, Саудын Арабын “Аль Ула клуб” баг өрсөлдөх юм.
Ийнхүү Монголын
эмэгтэйчүүдийн лигийн аварга баг анх удаа олон улсын лигт өрсөлдөхөөр болсон
бөгөөд дээд лигт түрүүлсэн баг Азийн эмэгтэйчүүдийн лигт оролцох шинэ хаалгыг
нээж байна.