БАЯНХОНГОР: Өвлийн бэлтгэл ажлыг шуурхай хангуулахыг үүрэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны есдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Онцгой комисс хуралдаж, өвөлжилтийн бэлтгэл ажил, цаг үеийн асуудлаар зарим шийдвэрийг гаргалаа.
Баянхонгор сумын есдүгээр багийн төв, 11 дүгээр цэцэрлэг, ӨЭМТ-ийг нэгдсэн цэвэр, бохир, дулаанд холбож ашиглалтыг эхлүүлэх, аймгийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах, ажлын явц, үр дүнг шуурхайлах, амралттай байгаа сумдын Засаг дарга нарыг энэ сарын 10-ны дотор ажилд нь оруулж, өвлийн бэлтгэл ажлыг шуурхай хангуулахыг үүрэгдлээ.
Мөн аймгийн бэлчээрийн даацын үнэлгээг үндэслэн мал махыг эдийн засгийн эргэлтэд оруулах, өвс, хадлан тэжээлийн хангалттай нөөц бүрдүүлэх, 1000 тоннын мах, ногооны зоорийг энэ сараас ашиглалтын гэрээгээр ажиллуулж эхлэх, малчдын отор нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг урьдчилан тооцоолж, хэрэгжүүлэх арга хэмжээг шуурхай төлөвлөхөөр шийдвэрлэв.
Түүнээс гадна Баянхонгор сумын Номгон нэгдүгээр багт байрлах 109 дүгээр байрны халаалтын шугам сүлжээг засварлах, Нэгдсэн эмнэлгийн шинэ амбулаторийн онош зүйн тасагт хэрэгцээтэй тоног төхөөрөмжийг шийдвэрлэх, Онцгой байдлын газрын гал унтраах, аврах 16 дугаар ангийн автогражид өргөтгөл хийхээр тус тус шийдвэрлэсэн байна.