Хилийн чанад дахь монгол хүүхдүүдийн эх хэлний боловсролыг сайжруулах талаар санал солилцлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүдийг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч энэ оны долоодугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Бельгийн Хаант Улсын Брюссель хотноо зохион байгуулсан Дэлхийн монголчуудын наадам амжилттай болсон талаар мэдээлэл авснаа хэлж, тус үйл ажиллагааны зохион байгуулалтад оролцсон хүмүүст талархал илэрхийлэв. Үндэсний өв, соёлын дархлаа болох баяр наадмыг хилийн чанадад Ерөнхийлөгчийн ивээл дор анх удаа зохион байгуулсанд тус байгууллагын төлөөлөл чин сэтгэлийн талархал илэрхийлж, энэхүү үйл ажиллагаа нь хилийн чанадад амьдарч буй монголчуудын эв нэгдлийг бэхжүүлэх, төр, иргэний харилцааг ойртуулах, улмаар эх орноо сурталчлан таниулахад чухал үйл ажиллагаа болсныг тэмдэглэв. Европ тивд 100 мянга гаруй монголчууд амьдарч байгаа. Тус тивд зохион байгуулсан Дэлхийн монголчуудын наадмыг гадаадын 15 орчим мянган иргэн үзэж сонирхсон хэмээн уулзалтад оролцогчид танилцуулав.
“Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” төрийн бус
байгууллагын төлөөлөл 2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзаж,
Ерөнхийлөгчийн ивээл дор хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулга
уулзалтыг зохион байгуулах, монгол сургуулиудад нэгдсэн
хөтөлбөр хэрэгжүүлэх, Ерөнхийлөгчийн ивээл дор Дэлхийн монголчуудын наадмыг
дөрвөн тивд ээлжлэн зохион байгуулах талаар санал хүсэлт
тавьсан нь амжилттай хэрэгжиж байгааг тэргүүн
С.Цэрэндэмбэрэл танилцуулж, хилийн чанад дахь монголчуудын нэрийн өмнөөс
талархал илэрхийллээ.
Уулзалтын үеэр хилийн чанад дахь 300 мянган монгол
иргэний эрх ашгийг хамгаалах, эх орондоо эргэн суурьших, хөрөнгө оруулах
боломжийг нэмэх, Монгол Улсын гадаад худалдааг өргөжүүлэхэд хилийн чанад
дахь монгол иргэдийн нөөц, боломжийг ашиглах, гадаадад өсөж, хүмүүжиж буй
монгол хүүхдийн эх хэлний боловсролыг сайжруулах талаар санал
солилцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хилийн чанадад амьдарч буй монгол иргэдэд халуун мэндчилгээг нь уламжлахыг хүсээд, дэмжин ажиллахаа илэрхийлэв.