Авлигын шинжтэй үйлдлүүдээ таслан зогсоохыг Ерөнхий сайд хатуу анхаарууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Нийгэмд шударга ёс тогтоох, баялгийн хулгай, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газар тусгай ажлын хэсэг байгуулсан.
Энэ хүрээнд гааль, татварын байгууллагуудад хийсэн
хяналт шалгалтаар авлигын ноцтой хэргүүд илрээд байна. Үүнтэй холбогдуулж
Ерөнхий сайд Г.Занданшатар Улаанбаатар хотын Гаалийн газарт өнөөдөр ажиллав.
Нэн түрүүнд гаалийн бүрдүүлэлтийг хиймэл оюун ухаан ашиглан 100 хувь цахим болгохыг гаалийн байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо. Мөн албан тушаалын эрсдэл өндөртэй 50-70 байцаагчийг яаралтай ротацид оруулахыг даалгав. Аж ахуйн нэгжийг том, жижиг гэж ялгалгүй нэг шалгуур, нэг стандартыг ягштал мөрдөж, танилын бараа, онцгой шугам гэх авлига, арын хаалганы үйлдлүүдээ таслан зогсоохыг хатуу анхаарууллаа.
Энэ оны эхний арваннэгэн сард гаалийн байгууллага төсөвт 7.8
их наяд төгрөгийн орлого бүрдүүлэх төлөвлөгөөтэй. Өнөөдрийн байдлаар 6.2 их
наяд төгрөг буюу 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Тиймээс төлөвлөгөөт орлого дутуу
бүрдэж буй шалтгааныг тодорхойлж, нэн яаралтай Засгийн газарт танилцуулахыг мөн
үүрэг болгов.
Нэр бүхий гаалийн байцаагчид зуучлагч иргэдтэй үгсэн
хуйвалдаж, олон удаагийн үйлдлээр гаалийн татварын орлогоос 13.5 тэрбум төгрөг
зувчуулсан байж болзошгүй үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж
байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд 131 аж ахуйн нэгжийн импортын барааны
үнийн дүнг хууль бусаар бууруулсныг урьдчилсан байдлаар тогтоожээ.

Связанные новости
Ulaanbaatar