Бразилд экспортлогчдод дэмжлэг үзүүлэх багцыг танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2025-08-14 10:57:28

БРАЗИЛИА, 2025 оны наймдугаар сарын 14 /Reuters/. АНУ-ын ногдуулсан өндөр татварын улмаас хохирол амсаж буй компаниудад дэмжлэг үзүүлэх тусламжийн багцыг Бразилын Засгийн газар лхагва гарагт танилцууллаа. Энэ нь экспортлогчдод зориулсан зээлийн шугам үүсгэх, өөр зах зээл хайхад ихээхэн саад бэрхшээлтэй тулгардаг бүтээгдэхүүнүүдийг худалдан авахад төвлөрчээ. 


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Бразилаас нийлүүлдэг хэд хэдэн бараанд ногдуулах татварын хувь хэмжээ 10 хувь байсныг энэ сарын эхээр 50 хувь болгон нэмэгдүүлсэн юм. Хэдийгээр зарим салбарыг өндөр татвараас чөлөөлсөн боловч уг шийдвэр нь кофе, үхрийн мах, далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн, нэхмэл эдлэл, гутал, жимс жимсгэнэ зэрэг салбарт сөргөөр нөлөөлж байна.


Манай засаг захиргаа тарифын өсөлтийн эсрэг даруй хариу арга хэмжээ авахгүй, харин хамгийн их хохирол амссан салбаруудад дэмжлэг үзүүлэхийг нэн түрүүнд чухалчилна гэж Бразилын Ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва өмнө нь мэдэгдэж байлаа. Бид хэлэлцээ хийхийг шаардах болно... гэхдээ бидний бүрэн эрхт байдал хөндөгдөхгүй гэж Лула Бразилиа хотноо болсон арга хэмжээний үеэр хэлээд, этилийн спиртийн худалдаа зэрэг сэдвээр яриа хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ илэрхийлжээ.


Тусламжийн багцын цөм хэсэг нь төрийн хөгжлийн банкны удирддаг Экспортын баталгааны сангаар дамжуулан 30 тэрбум реал /5.55 тэрбум ам.доллар/ олгох зээлийн шугам юм. Засгийн газар мөн жижиг компаниудад үзүүлэх дэмжлэг үзүүлэх зарим санг хөгжүүлэхийн тулд нийт 4.5 тэрбум реалыг нэмж зарцуулах ажээ. 

Связанные новости