Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Д.Трампт дэлхийн удирдагчид баяр хүргэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-11-10 12:12:09

АНКАРА. /Anadolu/. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас /БНН/ нэр дэвшигч Дональд Трамп ялсантай холбогдуулан дэлхийн олон улстөрчид болон улс орнуудын  удирдагчид өөрсдийн байр сууриа илэрхийлж байна.

Их Британи

Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Д.Трампт Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй баяр хүргээд “Их Британи болон АНУ нь эрх чөлөө, ардчилал, бизнесийн үнэт зүйлсэд тулгуурласан онцгой харилцааг бий болгон хөгжүүлж байна” гэжээ.

Тэрбээр цааш нь хэлэхдээ “хоёр улс цаашид ч худалдаа, аюулгүй байдал болон батлан хамгаалахын салбарт харилцаагаа бэхжүүлж, нягт харилцаатай түншүүд хэвээр байна гэдэгт итгэлтэй байна” гээд, ирэх он жилүүдэд хоёр талын аюулгүй байдал болон хөгжил цэцэглэлтийг хангахад чиглэсэн харилцаагаа улам бэхжүүлэхийн тулд Д.Трамптай хамтран ажиллахыг эрмэлзэж байгаагаа илэрхийлсэн байна.

ОХУ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялсантай нь холбогдуулан Д.Трампт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин баярын цахилгаан утас илгээжээ.

Кремлийн ордны мэдэгдсэнээр, В.Путины мэндчилгээнд “одоогоор хямралын байдалтай байгаа Орос-Америкийн харилцааг сэргээхийн төлөө хамтран ажиллана хэмээн найдаж байна” гэжээ.

Мөн олон улсад тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж, дэлхийн аюулгүй байдалд учирсан сорилтуудад “үр дүнтэй хариу арга хэмжээ” авахын тулд Д.Трамптай хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа В.Путин илэрхийллээ.

Франц

Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд “Д.Трампын ялалт бол тодорхойгүй байдлын нэгэн үеийн эхлэл юм” гээд “АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн нь Франц илүү хүчирхэг, Европ илүү эв нэгдэлтэй байх хэрэгтэй гэдгийг харууллаа” гэжээ.

Герман

Германы Канцлер Ангела Меркель АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трампт баяр хүргээд, эрх чөлөө болон ардчиллын үнэт зүйлст тулгуурлан хоёр орны харилцааг бэхжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Азийн улсуудын удирдагчид Д.Трампт баяр хүргэж байна

Азийн улс орнуудын удирдагчид АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Д.Трампт баяр хүргэж байна. Улс орных нь дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцлоо гэж Азийн зарим улс орны удирдагчид  Вашингтоныг буруушаан, Барак Обамагийн засаг захиргаатай таагүй харилцаатай байгаа билээ.

Филиппин

АНУ-ын төрийн тэргүүн, зэвсэгт хүчний ерөнхий командлагчаар ирэх дөрвөн жилд ажиллах болсон Д.Трампт Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте баяр хүргэж, амжилт хүсчээ.

Тэрбээр хэлэхдээ “Филиппин-АНУ-ын харилцааг “харилцан хүндэтгэл, харилцан ашигтай хамтын ажиллагаа, ардчиллын зарчим болон хуулийг дээдлэх ёсонд тулгуурлан бэхжүүлэхийн тулд АНУ-ын шинэ засаг захиргаатай хамтран ажиллахад бэлэн байна” гэжээ.

Мансууруулах бодис хууль бусаар наймаалагчидтай тэмцэх кампанит ажлын явцад гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй хүмүүсийг хөнөөж, цус урсгаж байна гэж өөрийг нь Б.Обама шүүмжилсэнтэй холбоотойгоор Р.Дутерте АНУ руу удаа дараа “дайрч довтолж”, Б.Обамаг бүдүүлэг үг хэллэгээр доромжилсноос гадна “манай улс Вашингтоноос тусгаарлан бие даасан гадаад бодлого хэрэгжүүлэх болно” гэж байсан юм.

Мөн тэрбээр цааш нь хэлэхдээ “АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль бол ардчилсан тогтолцооны бат бөх уламжлал болон америк маягийн амьдралын хэв маягийн илрэл юм. Хоёр намын тогтолцоо нь америкчуудад эрх чөлөөгөө сонгох боломжийг олгож байна” гэжээ.

Малайзад айлчилж буй Р.Дутерте филиппинчүүдэд хандан үг хэлэхдээ “Д.Трамп ерөнхийлөгч болж байгаа учир АНУ-тай "тэрсэлдэх" шалтгаан байхгүй боллоо. Ноён Д.Трамп урт удаан наслах болтугай! Та бид хоёрын хэн хэн нь өчүүхэн шалтгааны улмаас уурлаж бухимддаг. Түргэн ааштай. Бид адилхан” гэсэн байна.

Өмнөд Солонгос

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Д.Трампт Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ баярын мэндчилгээ илгээгээд, Вашингтонтой харилцаагаа бэхжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлжээ. Пак Гын Хэ хэлэхдээ “Умард Солонгосын асуудал зэргийг шийдвэрлэж, хоёр талын харилцааг өргөжүүлэхийн тулд манай улс АНУ-тай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх сонирхолтой байна” гэжээ. АНУ-тай харилцаагаа өргөжүүлэх нь Өмнөд Солонгост ардчилал, аюулгүй байдлыг бэхжүүлж, эдийн засгийг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэж Пак Гын Хэ үзэж байна.

Япон

АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трамптай Японы Ерөнхий сайд Шинзо Абэ өнөөдөр утсаар ярин баяр хүргэж, бүс нутгийн энх тайван ба аюулгүй байдлын асуудлаар АНУ-тай илүү ойр хамтран ажиллахыг зорьж байгаагаа илэрхийлжээ.

Ирэх долоо хоногт Перу улсад болох Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны форум буюу АПЕК-ийн Дээд хэмжээний уулзалтын өмнө уулзахаар Ш.Абэ болон Д.Трамп нар 20 орчим минут утсаар ярих үеэрээ тохиролцсон байна.

БНХАУ

Хятад улсын дарга Си Зиньпин ноён Д.Трампт баяр хүргэхийн сацуу “дэлхийн хоёр том эдийн засгийн хувьд манай хоёр улс дэлхийн эдийн засаг, хөгжил цэцэглэлтийг дэмжих үүднээс хамтран ажиллах хэрэгтэй” гэжээ.

Тэрбээр харилцан бие биеэ хүндэтгэх зарчимд тулгуурлан Д.Трамптай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Арабын улсууд

Арабын улсууд, Иран болон Израиль улс Д.Трамп АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсонтой холбоотойгоор өөрсдийн байр сууриа илэрхийлэн мэдэгдэл хийлээ. Эдгээр улсын ихэнх нь түүнд баяр хүргэж, Вашинтонтой харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Египетийн Ерөнхийлөгч Абдель-Фаттах аль-Сиси Арабын улсуудын удирдагчдаас хамгийн түрүүнд Д.Трампт баяр хүргэж, Египет болон АНУ-ын харилцааг бэхжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Кувейтийн Эмир Шейх Сабах Аль-Ахмад Аль-Сабах мөн адил Д.Трампт баяр хүргэж, ажлын амжилт хүсээд, “манай хоёр улс бол онцгой харилцаатай улсууд” гэжээ.

Катарын эмир Шейх Бин Хамад Аль-Тани болон Арабын Нэгдсэн Эмирт Улсын Ерөнхийлөгч Халифа Бин Заид Аль Нахьяд нар шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Д.Трампт баяр хүргэж, Вашингтонтой харилцаагаа бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Палестины Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Набиль Абу Рудейне хэлэхдээ “Араб-Израилийн маргааныг талуудын аль алиных нь эрх ашигт нийцсэн арга замаар шийдвэрлэж, Ойрхи Дорнодод энх тайван байдлыг тогтоохын төлөө ажиллаж чадах хэнийг ч болов бид хэзээд дэмжих болно” гэжээ.

Йемений Ерөнхийлөгч Абд Раббу Мансур Хади ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Д.Трампт баяр хүргэж “бид АНУ-тай шинэ шатанд хамтран ажиллах хүсэлтэй байна” гээд “дэлхий нийтийн ашиг сонирхолд нийцсэн энх тайван байдал тогтож, хөгжин цэцэглэх хэтийн төлөв харагдаж байна” гэжээ.

Иран ба Израиль

Ерөнхиийлөгчийн сонгуульд Д.Трамп ялсныг Ираны Гадаад хэргийн сайд Жавад Зариф “АНУ-ын дотоод хэрэг” гэж тодорхойлжээ. Өнгөрсөн онд Иран болон дэлхийн гүрнүүдийн хооронд байгуулсан цөмийн хэлэлцээрийн нөхцлийг дагаж мөрдөхийг тэрбээр Д.Трампт уриалсан байна. Ж.Зариф цааш нь хэлэхдээ “хэн ч АНУ-ын ерөнхийлөгч болж болно. Хамгийн гол нь бүс нутаг болон дэлхий дахины нөхцөл байдал, бодит байдлыг ойлгож, зөв бөгөөд дорвитой арга хэмжээ авах нь чухал” гэжээ.

Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн мэдэгдэлд “Израиль, АНУ хоёр бол нийтлэг ашиг сонирхол, үнэт зүйлст тулгуурласан хувиршгүй бат бөх харилцаатай улсууд” гээд “ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трамп бидэнтэй хамтран ажиллаж, хоёр улсын харилцааг цаашид улам бэхжүүлж, урьд урьдынхаас илүү өндөрлөгт хүргэнэ гэдэгт би итгэлтэй байна” гэжээ.

Куба

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трампт удирдагч Рауль Кастро баяр хүргэлээ гэсэн товчхон мэдэгдлийг Кубын ГХЯ өнөөдөр хийлээ. 

Лхагва гарагт Д.Трамп ялсны дараахан Кубын Засгийн газар улс орноо "дайснуудаас хамгаалахад бэлтгэх" таван өдрийн цэргийн сургуулилтыг хийхээр  төлөвлөж байгаагаа мэдэгдсэн юм. Кубын цэргийн сургуулилт нь АНУ-тай харилцаа хурцдах үед байнга болдог байв.

Г.Доржханд



 


 

Связанные новости