Өмнөд Солонгосын цэргүүдийн тоо 20 хувиар цөөрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
СӨҮЛ, 2025 оны наймдугаар сарын 12 /BBC/. Өмнөд Солонгосын арми 450 мянга орчим цэрэгтэй болсноор сүүлийн зургаан жилийн хугацаанд бие бүрэлдэхүүний тоо 20 хувиар буурлаа гэж тус улсын Батлан хамгаалах яамны /БХЯ/ тайланд дурджээ.
Бууралтын гол шалтгаан нь тус улсад төрөлтийн түвшин
маш доогуур байгаатай холбоотой гэж үзэж байна. Тодруулбал, нэг эмэгтэйд 0.75 хүүхэд ногдож байгаа нь дэлхийд хамгийн доогуур үзүүлэлт юм.
Өмнөд Солонгос нь
цөмийн зэвсэгтэй хөрш Умард
Солонгостой дайны байдалд байгаа тул эрчүүд нь заавал цэргийн алба хаах ёстой. Өмнөд Солонгосын судлаачдын долоодугаар сард нийтэлсэн судалгаанд дурдсанаар, 1.3 сая цэрэгтэй Умардын дайралтаас
хамгаалахын тулд хамгийн цөөндөө
500 мянган цэрэгтэй байх шаардлагатай ажээ.
Цэргийн бие бүрэлдэхүүний тооны ялгаа нь Өмнөд Солонгосыг “батлан хамгаалахын бүтцийн хувьд хүнд байдалд оруулсан” гэж судалгаанд дурдсан байна. Мөн Өмнөд Солонгосын цэргүүдийн тоог хамгийн цөөндөө 500 мянга байлгахын тулд “үндэсний түвшинд шийдвэртэй арга хэмжээ авах” шаардлагатай байгааг тэмдэглэжээ.
Өмнөд Солонгосын армийн дивизийн тоо 2006 оноос хойш 59-өөс 42 болтлоо буурч, зарим нь татан буугдаж, хоорондоо нэгдсэн гэж БХЯ-ны тайланд бичжээ. Бүс нутагт геополитикийн нөхцөл байдал хурцадсаар байгаатай холбогдуулан Өмнөд Солонгос батлан хамгаалахын төсвөө нэмэгдүүлж байна. 2025 оны батлан хамгаалахын төсөв 60 их наяд вонд /43 тэрбум доллар/ хүрсэн нь Умард Солонгосын ДНБ-ээс давж байна.
Өмнөд Солонгост хөдөлмөрийн чадвартай бүх эрэгтэй хүн 18 сарын хугацаанд цэргийн алба хаах ёстой байдаг. Гэхдээ ховор тохиолдолд чөлөөлөгддөг, зарим тохиолдолд албыг хойшлуулах боломжтой байдаг. Цэргийн алба нь тус улсын олон залууст таалагддаггүй бөгөөд зарим хүмүүс энэ тогтолцоо нь мэргэжлээрээ ахих гэсэн залуучуудын боломжийг хааж байна гэж шүүмжилдэг. Зарим хуучинсаг үзэлтнүүд "тус улсад хүн ам зүйн хямрал нүүрлэж буй энэ үед эмэгтэйчүүд ч мөн адил цэргийн алба хаах ёстой" гэж үзэж байна.
Өмнөд Солонгост
2018 онд нэг эмэгтэйд 0.98
хүүхэд, 2020 онд 0.84, 2023
онд 0.72, 2024 онд 0.75 хүүхэд ногдох болсноор дэлхийд төрөлтийн түвшнээр хамгийн сүүлд бичигдэх болжээ. Хэрэв энэ байдал цаашид үргэлжилбэл тус улсын 50 сая хүн ам 60
жилийн дотор хоёр дахин
буурна гэж мэргэжилтнүүд анхааруулж байна.