Хэвтээ тэнхлэгийн авто зам ашиглалтад орсноор 200-400 км дөт замаар ачаа бараа татна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Чойр-Мандалговь-Арвайхээр чиглэлийн хэвтээ тэнхлэгийн авто замын төслийн эхний үе шат болох Арвайхээрийн хоёр түвшний уулзвар бүхий авто замын бүтээн байгуулалтын ажилтай ерөнхий сайд Г.Занданшатар энэ сарын 26-нд танилцлаа.
Энэхүү төслийн эхний үе шат гурван цэгт буюу Арвайхээр, Мандалговь, Чойрт 2024 онд эхэлж, одоогийн байдлаар 23.8 км зам тавиад байна. Арвайхээрт хэрэгжүүлж буй төслийн эхний үе шатын гүйцэтгэгчээр “Хулжийн голын зам” компани ажиллаж байгаа юм. Уг чиглэлд нийт 487.7 км урттай хатуу хучилттай зам тавих юм. Төслийн эхний үе шат Арвайхээрт 90 хувийн гүйцэтгэлтэй, Мандалговь, Чойрт 50 хувийн гүйцэтгэлтэй байна.
Орон нутагт хийж буй хоёр түвшний уулзвар бүхий авто замын анхны бүтээн байгуулалтад тооцогдож, хоёр түвшний уулзвартай болсноор зам тээврийн ослоос сэргийлэх, зам огтлолцохгүй учраас хөдөлгөөний эрчим саарахгүй байх давуу талтай юм. Мөн хэвтээ тэнхлэгийн авто зам бүрэн ашиглалтад орсноор баруун аймгуудын иргэд ачаа бараа татахын тулд Замын-Үүд рүү зорчихдоо Улаанбаатар хотоор дайрах шаардлагагүй болж, дунджаар 200-400 км дөт замаар ачаа бараа татсанаар тээврийн зардал, цаг хугацаа хэмнэх боломж бүрдэх аж.