Евро-2025: Германы эмэгтэй хөлбөмбөгчид хагас шигшээд шалгарлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-07-20 14:58:23

ЖЕНЕВ, 2025 оны долоодугаар сарын 20 /DW/. Швейцарт болж буй эмэгтэйчүүдийн Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний шөвгийн наймд Германы шигшээ багийн хөлбөмбөгчид Францын багийг 6:5 харьцаагаар хожсоноор хагас шигшээд шалгарлаа.


Тоглолтын 13 дахь минутанд Германы багийн хамгаалагч Катрин Хендрих торгуулийн талбайд дүрэм зөрчсөний учир улаан хуудас авч, 11 м-ийн торгуулийн цохилтыг Францын багийн Грейс Гейоро амжилттай гүйцэтгэсэн байна. Гэвч 10-уулаа болсон герман бүсгүйчүүд 13 минутын дараа тоог тэнцүүлж, хагас хамгаалагч Шёке Нюскен Францын хаалганд гоол орууллаа. Улмаар хоёрдугаар үед германчуудад 11 м-ийн торгуулийн цохилт хийх боломж олдсон боловч Нюскен боломжийг ашиглаж чадсангүй.  


Нэмэлт цагт тооны харьцаа өөрчлөгдөөгүй тул пенальтаар ялагчийг тодруулахаар боллоо. Германы баг илүү азтай байж 6:5-аар өрсөлдөгчөө хожсон бөгөөд шийдвэрлэх гоолыг Нюскен оруулсан байна.


Одоо хагас шигшээд герман бүсгүйчүүд 23-ны лхагва гарагт Испанийн шигшээтэй тоглоно.


Эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн /Евро-2025/ долоодугаар сарын 2-ноос 27-ны өдрүүдэд Швейцарын Базел, Берн, Женев, Цюрих, Санкт-Галлен, Люцерн, Тун, Сьон гэсэн 8 хотод болж байна. Евро-2025-ын хагас шигшээ тоглолтууд долоодугаар сарын 22 ба 23-ны өдрүүдэд, финалын тоглолт 27-ны өдөр Базел хотын "Санкт-Якоб-парк" цэнгэлдэх хүрээлэнд болно.


Энэ удаагийн ЕАШТ-нд оролцож буй 16 улсын шигшээ баг дөрвөн хэсэгт хуваагдан тоглож, хэсэгтээ эхний хоёр байр эзэлсэн багууд плей-оффын шатанд шалгарсан юм.

 

 

Связанные новости