Монгол Улсад 103 улсын 21 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
erdenebat@montsame.mn
2025-07-21 10:04:51

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Монгол Улсад 2025 оны 2 дугаар улирлын байдлаар 103 улсын 21 мянган иргэн хөдөлмөр эрхэлж байна. Ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо 2024 оны мөн үеийнхээс 5.4 мянгаар нэмэгдсэн байна.


Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаадын иргэдийн 19.3 мянга нь эрэгтэй, 1.7 мянга нь эмэгтэй. Насны бүлгээр харьцуулбал эрэгтэйчүүд давамгайлжээ. Тухайлбал, 35-39 насныхан хамгийн их 3.4 мянга, 20 хүртэлх насныхан хамгийн бага буюу 206 хүн ажиллаж байна. Боловсролын түвшнээр авч үзвэл, 7.8 мянга нь техникийн болон мэргэжлийн, 4.8 мянга нь бакалаврын болон дипломын дээд, 4.7 мянга нь бүрэн дунд, 3.2 мянга нь тусгай мэргэжлийн дунд, 321 нь магистр, доктор, 238 нь суурь болон бага боловсролтой, 6 нь боловсролгүй иргэд байна.


Ажиллаж буй байгууллагын эдийн засгийн салбараар авч үзвэл, ажил эрхэлж буй гадаадын иргэдийн 4.7 мянга нь уул уурхай, олборлолт, 4.4 мянга нь боловсруулах үйлдвэрлэл, 4 мянга нь барилга, 2.4 мянга нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээ, 1.2 мянга нь цахилгаан хий уур агааржуулалт, 1 мянга нь боловсрол, 0.9 мянга нь олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагаа, 2.4 мянга нь бусад салбарт ажиллаж байна.


Боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 1.9 мянган хүнээр, уул уурхай, олборлолтын салбарт 913 хүнээр 2024 оны мөн үеийнхээс нэмэгджээ.


Ажиллаж буй байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзэхэд, 19.2 мянга нь хязгаарлагдмал хариуцлагатай компанид, 264 нь төрийн бус байгууллагад, 111 нь төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт, 55 нь төсөвт байгууллагад, 61 нь хувьцаат компанид, 8 нь нөхөрлөлд, 1.3 мянга нь бусад байгууллагад байна.



Ажил эрхэлж байгаа гадаад иргэдийн 10 мянга нь төвийн бүсэд, 7.6 мянга нь Улаанбаатарт, 2.1 мянга нь зүүн бүсэд, 956 нь баруун бүсэд, 384 нь Хангайн бүсэд ажиллаж байна. Дорноговь аймагт 4.4 мянга, Өмнөговь аймагт 2.6 мянга, Төв аймагт 1.9 мянга, Дорнод аймагт 836 байна.  

 

Связанные новости