БУЛГАН: Ардын Хатанбаатарын сургуулийн 100 жилийн баяр эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-07-18 14:10:45

Булган, 2025 оны долоодугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургууль үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой тохиож байна


Ардын Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит Ерөнхий боловсролын сургууль нь 1925 онд байгуулагдсан, 100 жилийн түүхтэй. Сумын төвийн сургуулиас гадна багийн төвийн хоёр бага сургуульд нийт мянга орчим сурагч суралцаж жилд 100 гаруй хүүхэд төгсгөж байна.


Хүндэтгэлийн хурлын үеэр шилдэг багш, ажилтнууд, төгсөгчдөө шагнаж урамшуулсан байна. Сум орон нутгийнхаа боловсролын салбарт оруулсан үнэтэй хувь нэмрийг өндрөөр үнэлж, ахмад багш Жамбажамцын Ганчулууныг аймгийн дээд шагнал "Ардын Хатанбаатар Магсаржав"-ын шагналаар, Мал аж ахуйн үйлдвэрлэлд тогтвортой амжилт гаргаж, мал сүргийнхээ үүлдэрлэг байдлыг сайжруулан, цөөн малтай өрхийг малжуулж, мал маллах арга туршлагыг залуу малчдад эзэмшүүлэх талаар санаачилгатай ажиллаж байгаа малчин Пүрэвсүрэнгийн Өнөрбаясгаланг Монгол Улсын хөдөө аж ахуйн Хөдөлмөрийн ууган баатар хоньчин З.Очирын нэрэмжит аймгийн хүндэт шагналаар тус тус шагнасан байна.


Ойн баярын үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Ж.Ганболд, аймгийн Засаг даргын орлогч О.Ундрах, аймгийн ЗДТГ-ын дарга Д.Наранбаяр нар оролцож Хутаг-Өндөр сумын ЕБС-ийн түүхт 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж буй үе үеийн багш, ажилтан, төгсөгчид, сурагчид, нутгийн иргэд та бүхэнд баяр хүргэж, сурлага, ажил хөдөлмөрийн өндөр амжилт, амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

 

Түүхт 100 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд Улсын начин Д.Амаржаргал, Улсын начин Х.Цогтгэрэл тэргүүтэй 64 бөх барилдаж хурдан морьдын уралдаанаар үргэлжилж байна. 











Связанные новости