Я.Синнер Уимблдоны финалд анх удаагаа шалгарлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-07-12 09:07:47

ЛОНДОН, 2025 оны долоодугаар сарын 12. /ТАСС/. Дэлхийн чансааг тэргүүлж буй Италийн теннисчин Янник Синнер Лондон хотноо болж буй Уимблдоны тэмцээний хагас шигшээ тоглолтод Сербийн нэрт тамирчин Новак Жоковичийг хожлоо.


Тэмцээний чансаанд нэгдүгээрт бичигдсэн Синнер ба 6 номер болох Жокович нарын тоглолт 6:3, 6:3, 6:4 харьцаагаар дууссан байна. Одоо Синнер финалд дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж буй Испанийн теннисчин Карлос Алькарастай 13-ны өдөр тоглоно.


Өдгөө 23 настай Синнер 57 долоо хоногийн турш дэлхийн чансааг тэргүүлж байна. Тэрбээр Мэргэжлийн теннисчдийн холбооны /ATP/  ивээл дор болдог тэмцээнүүдэд нийтдээ 19 удаа, тэдгээрийн дотор Австралийн аварга шалгаруулах Нээлттэй тэмцээн, АНУ-ын аварга шалгаруулах Нээлттэй тэмцээнд түрүүлж байсан юм. Мөн Италийн шигшээ багийн бүрэлдэхүүнд 2023 ба 2024 онуудад Дэвисийн цомыг хүртэж байсан бол Уимблдоны финалд анх удаагаа шалгарлаа.


Өдгөө 38 настай Жокович дэлхийн чансааны зургаадугаарт бичигдэж байгаа бөгөөд ATP-гийн 100 тэмцээнд түрүүлснээс Их дуулгын цувралын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 24 удаа аваргалжээ. Тэрбээр 2024 оны Олимпын аварга, 2008 оны Олимпын хүрэл медальт, 2010 оны Дэвисийн цомын эзэн юм. Мөн дэлхийн чансааг 428 долоо хоногийн турш тэргүүлж үнэмлэхүй дээд амжилтыг тогтоож байв.


Зүлгэн талбай дээр явагдаж буй Уимблдоны тэмцээн бол энэ улирлын Их дуулгын гурав дахь тэмцээн бөгөөд шагналын сан нь 53,5 сая доллар юм. Өмнөх хоёр тэмцээнд Алькарас дараалан түрүүлжээ.

Связанные новости