iPhone гар утасны Хятад дахь борлуулалт өсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
БЭЭЖИН, 2025 оны долоодугаар сарын 4 /CNBC/. “Apple” компанийн “iPhone” ухаалаг гар утасны Хятад дахь борлуулалт энэ оны хоёрдугаар улиралд сүүлийн хоёр жилд анх удаа өссөн тухай CNBC суваг “Counterpoint Research” компанийн судалгааг эш татан мэдээлжээ.
Тодруулбал, өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 8 хувиар өссөн нь 2023 оны хоёрдугаар улирлаас хойш анх удаа өссөн үзүүлэлт болсон байна.
Хятадын зах зээл дэх "Apple"-ын борлуулалт нэмэгдэхэд тавдугаар сард зохион байгуулсан хямдралын аян нөлөөлжээ. Энэ үеэр Хятадын цахим худалдааны платформууд "iPhone 16" загваруудыг хямдруулсан байна. Мөн "trade-in" буюу хуучин загварын утсаа шинэ загвараар солих хөтөлбөрийн хүрээнд хуучин загваруудын худалдаж авах үнийг нэмэгдүүлсэн нь борлуулалтад нөлөөлжээ. "Хятадад жил бүр болдог цахим худалдааны хямдралын "618" баяр эхлэхээс яг нэг долоо хоногийн өмнө “iPhone 16” загварын үнийг тавдугаар сард бууруулсан нь цаг үеэ олсон алхам болсон" гэж “Counterpoint” судалгааны компанийн орлогч захирал Итан Ци ярилаа.
Хятадын ухаалаг гар утасны зах зээлд эзлэх байр сууриа "Apple" компани "Huawei"-д алджээ. Тус компанийн борлуулалт хоёрдугаар улиралд өмнөх оны мөн үеийнхээс 12 хувиар өссөнөөр Хятадын зах зээлд борлуулалтаар тэргүүлсэн бол хоёрдугаарт "Vivo", гуравдугаарт "Apple" орсон байна.
"Apple"-ын Хятад дахь борлуулалт өссөн тухай мэдээллийн дараа тус компанийн хувьцааны үнэ 0.9 хувиар өсөж, 214.35 ам.долларт хүрсэн байна. Он гарснаас хойш "Apple"-ын хувьцаа 15 орчим хувиар буураад байсан юм.