УВС: “Хурдасгуур” хөтөлбөрт 80 гаруй компанийн удирдах ажилтнууд хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-07-02 17:20:17

Улаангом, 2025 оны долоодугаар сарын 2 /МОНЦАМЭ/. "Эдийн засгийн ногоон шилжилт" төсөл нь Увс аймгийн ХХААГ-тай хамтран Хурдасгуур хөтөлбөрийг Улаангом хотод амжилттай зохион байгууллаа.


Увс аймаг нь Монгол Улсын чацарганы хэрэглээний 60 гаруй хувийг, шар лууван, шар манжин, хүрэн манжингийн үрийн 90 хувийг тус тус дангаараа хангадаг байна.

 

Хурдасгуур хөтөлбөрт Увс аймгийн цэвэр ус, жимс жимсгэнэ, сүү цагаан идээ, газар тариалан, гурил, нарийн боовны үйлдвэр зэрэг 80 гаруй компанийн удирдах ажилтан, менежерүүд болон байгаль орчин, хүнс хөдөө аж ахуй, ЖДҮ хариуцсан төрийн байгууллагын төлөөлөл амжилттай хамрагджээ.


Ногоон шилжилтийг жижиг дунд төдийгүй, бичил бизнес ч хэрэгжүүлэх боломжтой бөгөөд Увс аймагт анх удаа зохион байгуулсан уг хөтөлбөр орчин үеийн чиг хандлагатай нийцсэн, шинэлэг, өгөөжтэй хөтөлбөр болсныг оролцогчид онцолсон юм.


Монгол улсад эко тэмдгийн тогтолцоог хөгжүүлэхээр зорьж буй Европын холбооны санхүүжилттэй "Эдийн засгийн ногоон шилжилт" төсөл нь ногоон бизнесийг хөгжүүлэх Хурдасгуур хөтөлбөрөөр дамжуулан 1600 гаруй хүнсний үйлдвэрлэгчдэд дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэн тогтвортой, ногоон загварт шилжихэд нь шаардлагатай мэдлэг олгож байгаа юм.

 

 

Связанные новости