БАЯНХОНГОР: Бүгчим халуун өдрүүд үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-07-02 15:19:34
Баянхонгор, 2025 оны долоодугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Энэ долоо хоногийг дуусталх хугацаанд нийт нутгаар бүгчим халуун байх төлөвтэйг аймгийн УЦУОШГ-аас мэдээлэв.
Агаарын температур хангайн уулархаг нутгаар шөнөдөө +8 +13 градус, өдөртөө +21 +26 градус, Алтайн салбар уулс болон тал хээрийн нутгаар шөнөдөө +12 +17 градус, өдөртөө +22 +27 градус дулаан байх юм байна. Харин говийн нутгаар шөнөдөө +18 +23 градус, өдөртөө +30 +35 градус, Эхийнголын баянбүрд орчмоор шөнөдөө +21 +26 градус, өдөртөө +34 +39 градус дулаан байна.

Эдгээр өдрүүдэд хамгийн халуун байх Эхийн гол баг нь Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутаг, алдарт Сэгс цагаан богд уулын ар хормойд Улаанбаатараас 1100 гаруй км, аймгаас 430 км, сумаас 180 км-т оршдог.

Эхийн гол баг нь Баянхонгор аймгийн газар тариалан, хүнсний ногоо тариалалт хийдэг гол цэгийн нэг юм. Тухайн бүс жилийн дундаж агаарын хэм +5, хур тунадас 30 орчим мм буюу бороо цас маш ховор үзэгддэг өвөрмөц уур амьсгалтай нутаг.

Эхийн голд зун хөрсөн дээр +50 градус, түүнээс ч давж халах нь бий.
Связанные новости