Ерөнхийлөгч У.Хүрэлсүх FIBA-ны тэргүүнийг хүлээн авч уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-06-27 15:00:19

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Шейх Сауд Али Аль Тани болон 3х3 төрөл хариуцсан гүйцэтгэх захирал Алекс Санчес Моллингер нарыг хүлээн авч уулзлаа.


Монголын хүүхэд багачууд, залуусын дунд сагсан бөмбөгийн спортоор хичээллэх сонирхол жилээс жилд нэмэгдэж, баг тамирчид эх орныхоо нэрийг олон улсад дуурсгаж байгааг Ерөнхийлөгч тэмдэглэв. Үүнд Олон улсын сагсан бөмбөгийн холбооны дэмжлэг, туслалцаа чухал хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийлсэн юм. Энэ үеэр олон улсад нэр хүндтэй эмэгтэйчүүдийн дэлхийн цуврал, эрэгтэйчүүдийн “Их дуулга”, насанд хүрэгчдийн ДАШТ гэсэн гурван том тэмцээнийг эх орондоо зохион байгуулсан анхны улс болж байгааг онцоллоо. Энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байгаа 3х3 төрлийн ДАШТ-д 27 орны 40 багийн 160 орчим тамирчин өрсөлдөж байна.


Монгол Улс энэ тэмцээнийг амжилттай зохион байгуулж байгаад Олон улсын сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Шейх Сауд Али Аль Тани талархал илэрхийлэв.


Монголын эмэгтэйчүүд олимпын аварга Германы багийг хожсон нь энэ төрлийн спорт Монголд хэрхэн хөгжиж байгаагийн тод илрэл гэдгийг тэрбээр дурдсан байна. Тэрбээр мөн олон улсын тэмцээнд Монголын баг тамирчид зөвхөн оролцогч биш, хүчтэй өрсөлдөгчдийн тоонд зүй ёсоор багтаж байгааг онцолж, энэ спортыг хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлж байгаа Ерөнхийлөгчид талархал илэрхийллээ.


Манай улс 2017 оноос хойш 3х3 төрлийн олон улсын тэмцээнүүдийг эх орондоо тасралтгүй зохион байгуулж байна. Эмэгтэйчүүдийн шигшээ баг 2020 оны Токиогийн олимпод 3х3 төрөлд оролцсон Монгол Улсын анхны баг болсон түүхтэй. Мөн олон улсын бусад тэмцээнд баг тамирчид тогтмол оролцож, түрүүлэхээс гадна болон шагналт байрт шалгарч байгаа юм.

Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо 2014 онд байгуулагдсан. Төр, хувийн хэвшлийн тууштай дэмжлэг, тамирчид, дасгалжуулагч, багийн эзэд, хөрөнгө оруулагчдын  хичээл зүтгэл, гаргасан амжилтын дүнд 2025 оны байдлаар дэлхийд эрэмбээрээ долоодугаарт жагсаж байна.






Связанные новости