Хангайн уулархаг нутаг, Алтайн өвөр говиор дуу цахилгаантай аадар бороотой

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2025-06-20 09:10:57

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар өнөөдөр 20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Алтай, Хангайн уулархаг нутаг, Алтайн өвөр говь, Халх голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.


Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.


Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +21-+26 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +31-+36 градус, бусад нутгаар +26-+31 градус дулаан байна.


Нутгийн төв хэсгээр өнөөдөр +30 градусыг давж хална. Алтай, Хангайн уулархаг нутаг болон Алтайн өвөр говиор дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй наршилт, аянга, цахилгаан, нөөлөг салхи, мөндрийн аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхааруулжээ.

Связанные новости