Менделийн их сургуулийн ойн судалгааны багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-06-18 14:51:27

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 18 /МОНЦАМЭ/. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен, УИХ-ын гишүүн М.Ганхүлэг, А.Ундраа нар Бүгд Найрамдах Чех Улсын Менделийн их сургуулийн профессор Давид Юржичка тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр  хүлээн авч уулзав.


Байнгын хорооны дарга Б.Бейсен, Монгол Улсад эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж, сургалт явуулж, оюуны хөрөнгө оруулалт хийж байгаа явдалд талархлаа илэрхийлээд эх газрын эрс, тэс хуурай уур амьсгалтай манай орны байгаль, ялангуяа ойн санд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт эмзэг тусаж байгаа тул УИХ, Байнгын хорооныоос энэ асуудалд онцгойлон анхаарч ажилладаг гэлээ.

 

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснийг дурдаад энэ хүрээнд Менделийн их сургууль болон “Кабинет” төслийн судалгааны баг ойн салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах, хүүхэд, залууст экологийн боловсрол олгох сургагч багш нарыг бэлтгэх, тус их сургуульд ойн чиглэлээр монгол залуусыг сургаж буй үйл ажиллагаагаа өргөжүүлэхийг захиад, цаашдын хамтын ажиллагаанд Байнгын хорооны зүгээс дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.

 

Уулзалтын үеэр Менделийн их сургуулийн профессор Давид Юржичка Байнгын хорооны дарга, гишүүдэд цаг зав гарган хүлээн авсанд талархал илэрхийлээд, Бүгд Найрамдах Чех Улсын буцалтгүй тусламжийн хүрээнд Монгол Улсад 2014 оноос хойш ой, модны салбарт хийж хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн үр дүнгийн талаар танилцуулав.

 

Мөн тэрбээр Менделийн сургуультай хамтран хэрэгжүүлж байгаа ойн судалгааны багийн “Кабинет” төслийн хүрээнд Монголд ирж, Хэнтий аймгийн Биндэр суманд ажиллан ойн байгууллагын мэргэжилтнүүд, энэ чиглэлээр их дээд сургуульд суралцаж буй оюутнуудад зориулсан сургалтыг явуулахаар болсноо дуулгав. Мөн ойн салбарын эрдэм шинжилгээ, сургалт судалгаа, ойн менежменттэй холбоотой төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж, дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хүслээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

 

Связанные новости