Ундны ус, ариун цэврийн байгууламжийг сайжруулах төслийг эхлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-06-13 17:20:45

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 13 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүүхдийн сангаас орон нутгийн сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төвүүдийн ундны ус, ариун цэврийн байгууламжийг сайжруулах шинэ төслийг эхлүүлж байна.


НҮБ-ын Их Британийн Хүүхдийн сангийн үндэсний хорооны санхүүжилтээр төслийг 18 аймгийн 45 суманд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Төслийг нээж НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан хэлэхдээ, Хүүхдүүдийн эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээ хаана амьдардгаас нь хамаарч хязгаарлагдах ёсгүй. Ус, ариун цэвэр, эрүүл ахуйн энэхүү төсөл нийгмийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй үзүүлэхэд хувь нэмэр оруулна” гэлээ.


Дөрвөн жилийн хугацаанд төслийг хэрэгжүүлэхэд Английн Елева сан, НҮБ-ын Их Британийн Хүүхдийн сангийн үндэсний хорооны 3.9 сая ам.долларын санхүүгийн дэмжлэгээр 18 аймгийг хамруулан, 1 сая хүнд хүрэхээр төлөвлөж байна. Ингэхдээ НҮБ-ын Хүүхдийн сангийн Говь-Алтай, Завхан, Баянхонгор аймагт өмнө хэрэгжүүлсэн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх юм.



ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Фиона Блит “Төслийг орон нутгийн хэрэгцээнд нийцсэн, сургууль, цэцэрлэг, дотуур байранд хэрэгжүүлэхэд баяртай байна. Төсөлд нарны эрчим хүч, цэвэр технологи ашиглан, төсөв хэмнэхэд хувь нэмэр оруулж байгаа”-г сайшаав.


Манай улсын хүн амын 30 хувь нь ундны цэвэр усаар хангагдсан бол тал гаруй нь шаардлага хангасан ариун цэврийн байгууламж ашигладаг. Бохир ус цэвэрлэх систем сул байдаг нь усны чанар, хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Эдгээр бэрхшээлийг шийдэхэд НҮБ-ын Хүүхдийн сан 20 гаруй жил Монгол Улсын Засгийн газартай хамтран, сургууль, дотуур байр, цэцэрлэг, эрүүл мэндийн төвүүдийн ус, ариун цэврийн байгууламжийг барих, ашиглалт үйлчилгээний тогтолцоог бэхжүүлэх төсөл хэрэгжүүлэн, үр дүнд хүрч байна. Ингэхдээ өмнөх төслүүдийн сайн туршлагыг сууриа болгохоос гадна 24 цагийн үйлчилгээтэй, ус түгээх ухаалаг байр, контейнерт суурилсан ариун цэврийн болон бага оврын цэвэрлэх байгууламж, нарны эрчим хүчний систем нэвтрүүлж байгаа билээ. 

Связанные новости