“Сэлбэ” дэд төвийн 41 га газарт хувийн хэвшилтэй хамтарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-06-11 15:15:24

Улаанбаатар, 2025 зургаадугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрийн 158 га, 2206 нэгж талбайд хэрэгжих анхны жишиг 20 минутын хотын бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн сард эхлүүлсэн.


Үүний хүрээнд “Сэлбэ 20 минутын хот”-ын төслүүдэд хувийн хэвшилтэй хамтарч ажиллах санал авч эхэлжээ. 


Энэ талаар “Сэлбэ 20 минутын хот” корпорацын гүйцэтгэх захирал У.Баатар “Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах төсөл хувийн хэвшилд бизнесийн ашигтай байршлуудыг санал болгож байна. Тодруулбал, зургаадугаар сарын 9-нөөс албан ёсны сайт selbecity.mn хаягаар олон нийтэд нээлттэй хамтран ажиллах санал, хүсэлтийг хүлээн авч байна. Төслийн 26 байршлын 41 га газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар хувийн хэвшилтэй хамтарч ажиллах юм. Өнөөдрийн байдлаар хамтын ажиллагааны журмыг боловсруулж байгаа бөгөөд хувийн компаниудаас 10 хоногийн хугацаанд санал авна” хэмээн ярилаа.


“Сэлбэ” дэд төв нь 45610 иргэнд зориулсан нийгэм, соёлын үйлчилгээний хэрэгцээг нэг дор төлөвлөсөн анхны 20 минутын жишиг хот болох юм. Энд 10 мянган өрхийн 113 орон сууц, 18 км авто зам, 43 км явган зам, 28 км дугуйн зам, 3.6 га талбайд тоглоомын талбай, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж барихаар төлөвлөжээ.  Мөн нийт талбайн 40 хувьд ногоон байгууламж барих юм.

 

Связанные новости