Бурхан багшийн их дүйчин өдөр тохиож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Бурхан багшийн их дүйчин өдөр буюу Билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15 өнөөдөр тохиож байна.
Энэ өдрийг Азийн бурхны шашинтай орнууд 2000 жилийн тэртээгээс тэмдэглэн ирсэн. 1999 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас Бурхан багшийн их дүйчин өдрийг олон улсын хэмжээнд тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн байдаг. Харин манай улс 2019 оноос Бурхан багшийн их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын 15-ныг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон бүх нийтээр амрахаар болсон. Бурхан багшийн их дүйчин өдөр Бурхан багшийн амьдралын гурван том тэмдэглэлт явдал давхацдаг байна. Тодруулбал, Бурхан багш эхийн хэвлийд оршсон, номоо номлож хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн гэх гурван том цаг хугацаа нэг өдөр давхацдаг учраас их дүйчин хэмээн нэрлэдэг аж.
Энэ өдөр буян хурааж, сайн үйл хийхэд буян арвиждаг гэж үздэг учраас хүн бүр сэтгэлээ ариун байлгаж, буян хураах үйлд оролцдог байна. Бурхан багш энэрэл хайр, нигүүлсэл түгээн дэлгэрүүлж, ертөнцийн бодит оршин тогтнолыг одоогийн шинжлэх ухаан байгаагүй үед тайлбарлан номложээ.
Зуны тэргүүн сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр,
Бурхан багшийн их дүйчин өдрийг тохиолдуулан Гандантэгчэнлин хийдийн
тэргүүн их хамба лам, 30 дахь хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж
“Тэгчэн сожин” буюу нэг өдрийн тэтгэн ариусгахуй номыг лам хуврагууд болон
сүсэгтэн олонд соёрхон айлдлаа.
Энэ өдрийг “Амар амгаланг хамтдаа түгээе” уриан дор эв нэгдэл, энэрэл нигүүлсэл, сэтгэлийн хөгжил, өв соёлоо эрхэмлэх өдөр болгон тэмдэглэж, орон даяар хурал ном, сургалт, урлаг соёлын үйл ажиллагаа зохион байгуулна. Нийслэлийн төв талбайд Чингис хааны сэрэг дүрд хүндэтгэл илэрхийлэх, “Эзэн сан” хурах үйл ажиллагаа болохоос гадна “What happens today” залуусын урлаг, соёлын хөтөлбөр “Баярын жагсаал, бясалгал” болно.