Хог хаягдлын менежмент, дахин боловсруулалтын ERP системийг нэвтрүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 10 /МОНЦАМЭ/. БОУАӨЯ-ны Сайдын зөвлөх, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан Тусгай элч П.Батхишиг, Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Ян Вытопил тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хоёр улсын байгаль орчны салбарын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буйг онцлон тэмдэглэж, цаашид хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. Тодруулбал, хог хаягдлын менежмент, дахин боловсруулалтын ERP систем, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, шинэ техник технологи нэвтрүүлнэ. Мөн нийслэлийн хэмжээнд цугларсан хуванцар, ахуйн хог хаягдлыг дахин боловсруулж эцсийн бүтээгдэхүүн хийх, эдгээрийг эдийн засгийн эргэлтэнд оруулахад хамтрах аж.
Монголын талаас хууль эрх зүйн орчныг
сайжруулахаар ажиллаж буйгаа дурьдан, цаашид жишээ болохуйц бодит төсөл
хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр тохиров.