ТӨВ: Дайчин алдрын буланг тохижуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны зургаадугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Ерөнхий боловсролын сургуульд “Дайчин алдрын булан”-г орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр сургуулийн багш, ажилтнууд өөрсдөө тохижуулжээ.
Энэхүү буланг сургуулийн орчинд байгуулснаар эх орны ирээдүй болсон өсвөр үе, сурагчдад цэрэг, эх оронч үзэл төлөвшүүлэх, эх орны түүх, бахархлын талаар танин мэдэх, хайрлан хүндэтгэх ухамсар суулгах зэрэг олон давуу талтай юм.
Тус буланд Их Монгол Улсын түүхээс эхлээд орчин үеийн түүх, Баян-Өнжүүл сумаас гаралтай алдартнуудын мэдээлэл байдаг.
Тухайлбал, Төв аймгийн Баян-Өнжүүл сумаас гаралтай жанжин Ц.Лувсандонойн түүхэн замнал байдаг.
Ц.Лувсандоной 1903 онд Халхын Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошуу, хожмын Богд хан уулын аймгийн Дэлгэрцогт уулын хошуу, одоогийн Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутагт Цэрэнжав хүлэгчийн дүү бүсгүй, малчин эмэгтэй Тогоо-Аюушийн ууган хөвгүүн болон төржээ. Тэрээр нас биед хүрч, эрдэм номын мөр хөөн 1921 оны 7 дугаар сард Шавийн яамны монгол бичгийн сургуульд элсэн орж, 1924 он хүртэл монгол бичгийн эрдэмд суралцсан. Мөн онд Оюутны сургууль (Багш нарыг бэлтгэх сургууль)-д элсэн суралцаж дүүргээд 1925-1926 онд Дэлгэрцогт уулын хошуу дарга, сургуулийн багш, шүүхийн байцаагч зэрэг ажлыг хийж байв. Ингэхдээ эвлэлийн товчооны дарга, үүрийн даргаар 2, намын үүрийн даргаар 3 удаа сонгогдон сонгуульт ажил хийсэн юм. 1926 оны 6 дугаар сард цэргийн албанд татагдан жагсаалын цэрэг, бичээч, эх зохиогч, ерөнхий эрдмийн багш шүүхийн байцаагч зэрэг ажил хийж байгаад 1931 онд цэргээс халагджээ.
1932 онд цэргийн албанд дахин ирж, Цэргийн ерөнхий сургуульд багш, Цэргийн зөвлөлийн тусгай хэргийн эрхлэгч нарийн бичгийн дарга, I дивизийн тусгай хэлтсийн төлөөлөгч, дарга, Бүх цэргийн жанжны нарийн бичгийн дарга, Жанжин штабын тусгай тасгийн даргаар ажиллаж байв.
Ц.Лувсандоной 1939 оны 2 дугаар сараас Жанжин штабын орлогч дарга, дарга, мөн оны гуравдугаар сараас долоодугаар сарын 1-нд хилс хэрэгт холбогдон баривчлагдах хүртлээ Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Цэргийн яамны орлогч сайд, Бүх цэргийн жанжны орлогчийн хариуцлагатай албанд ажилласан байна.