Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах” өдрийг тохиолдуулан өнөөдөр Монгол Улсад хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй олон улсын болон төрийн бус байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улс 2016 онд НҮБ-ын Хүүхдийн сангийн
оролцоотой Хүүхэд хамгааллын тухай хуультай болж, 2024 онд уг хуулийн
шинэчилсэн найруулгыг баталснаар энэ оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн 330 сум, хороо бүр
нийгмийн ажилтантай болсныг дурдлаа. УИХ-ын 9 дэх удаагийн ээлжит сонгуулийн үр
дүнд байгуулагдсан шинэ парламент анхдугаар чуулганаараа хүний эрхийг хангах,
хамгаалах, хүн төвт хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх стратеги төлөвлөгөөгөө
баталсан бөгөөд хүүхдийн хөгжил, оролцоо, хамгааллын чиглэлийн хууль
тогтоомжуудыг сайжруулах талаар ажлын хэсгүүд байгуулагдсаныг онцлов. УИХ-аас
хүүхдийн эрүүл мэнд, боловсролын тэгш хүртээмж, санхүүгийн боловсрол, цахим
технологи ашиглан үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг хүчирхийлэлд анхаарлаа хандуулан
ажиллаж байна. Тухайлбал, хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр “Үдийн хоол”
хөтөлбөрийг бага ангиар зогсохгүй дунд, ахлах ангийн сурагчдыг хамруулах талаар
ажиллаж байгааг дурдав. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг
уялдуулах бүрэн боломжтойг танилцууллаа.
Боловсролын тэгш хүртээмжийн чиглэлд орон нутгийн сургуулиудад цахим орчны техник хэрэгслийн хүрэлцээг сайжруулахаар анхаарлаа хандуулан ажиллаж байгаа гэлээ. Мөн санхүүгийн боловсролын хүрээнд УИХ-ын даргын санаачилгаар Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хадгаламжийн даатгалын корпорац, Боловсролын ерөнхий газар хамтран ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсролын суурь мэдлэгтэй болох, зөв дадал чадварт суралцах зорилготой LEVEL-UP хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснийг онцоллоо. Цахим технологи ашиглан үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг хүчирхийллийн асуудалд УИХ-ын ажлын хэсгүүд хамтран хөтөлбөр гарган ажиллаж буйг танилцуулав.
НҮБ-ын Хүүхдийн
сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланаас Монгол Улс
хүүхдийн эрхийн конвенцод нэгдсэн анхны орнуудын нэг бөгөөд шинэ парламентын
дарга Д.Амарбаясгалан хүүхдийн эрхийг хангах чиглэлээр олон ажлыг санаачлан
хэрэгжүүлж буйд талархалтай байгаагаа илэрхийллээ. Тус байгууллагаас
хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр УИХ-тай нягт хамтран ажиллаж эхэлснээ
дурдаад, хүүхэд бүр эхийн
хэвлийд байхаас насанд хүрэх хүртэлх хугацаанд эрүүл өсөн бойжиход анхаарал хандуулах шаардлагатайг тодотгов.
Тийм ч учраас “Үдийн хоол” хөтөлбөрийг бүх сурагчдыг хамруулах нь чухал гэлээ.
Мөн дижитал шилжилтийн хүрээнд хот хөдөөгийн боловсролын ялгааг арилгах, англи хэлний
чадварыг дэмжих чиглэлд хамтран ажиллаж буйгаа дурдлаа.
“Дэлхийн зөн”
олон улсын байгууллагын Үндэсний захирал Б.Болорцэцэг зорилтот бүлгийн
хүүхдүүдийн эрхийг хамгаалах, оролцоог дэмжих чиглэлд ажиллаж байгаа талаар
ярилцсан бол “Өнөр бүл” төвийн захирал М.Өлзийчимэг бүтэн өнчин хүүхдийн халамж
болон эцэг эхчүүдийн үл хайхрах асуудлын талаар хөндөв. Ийнхүү хүүхэд
хамгааллын чиглэлээр ажиллаж буй олон улсын болон төрийн бус байгууллагуудын
төлөөллөөс УИХ хүүхдийн эрхийг хангах, оролцоог дэмжих, хөгжүүлэхэд
анхаарлаа хандуулан ажиллаж эхэлсэнд талархалтай байгаа бөгөөд шинэ парламентын
үйл ажиллагаа, стратеги төлөвлөгөө бүрэн хэрэгжихэд хамтран ажиллахаа
илэрхийллээ хэмээн УИХ-ын
Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.