Дэлхийн эрүүл мэндийн Ассамблейн 78 дугаар чуулганд манай төлөөлөгчид оролцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. “Эрүүл мэндийн төлөөх нэг дэлхий” сэдвийн дор Женев хотноо энэ сарын 19-27-нд болсон Дэлхийн эрүүл мэндийн Ассамблейн 78 дугаар чуулганд Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа тэргүүтэй төлөөлөгч оролцов.
Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх видео мэндчилгээ дэвшүүлэв. Тэрбээр дэлхий нийтийг хамарсан "КОВИД-19" цар тахлын сургамжаас улбаалан ДЭМБ-аас санаачилсан Цар тахлын эсрэг хэлэлцээрийг энэхүү чуулганаар батлахын ач холбогдлыг тэмдэглэж, олон талт хамтын ажиллагааны үүрэг улам бүр нэмэгдэж буй өнөөгийн энэ цагт ДЭМБ-ын байр суурийг улам бэхжүүлэх, үйл ажиллагааны цар хүрээг нь өргөжүүлэн хөгжүүлэхэд гишүүн улс бүрийн оролцоо чухал үүрэгтэйг онцлон тэмдэглэв.
Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа чуулганы Ерөнхий хэлэлцүүлэгт Монгол Улсын Засгийн газраас эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлж буй бодлого, цаашдын үйл ажиллагааны талаар танилцуулав. Түүнчлэн энэ сарын 20-нд болсон ДЭМБ-ын хөрөнгө оруулалтын талаарх амлалт өгөх өндөр түвшний арга хэмжээнд оролцож үг хэлэв. Мөн чуулганы үеэр ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Саиа Ма’у Пиукалатай хоёр талын уулзалт хийж, эрүүл мэндийн салбар, тэр дундаа эмийн чанар, аюулгүй байдлын талаарх цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Энэ удаагийн чуулганаар гишүүн орнууд олон улсын эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад хүрэх, уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол, зэвсэгт мөргөлдөөн зэрэг олон хүчин зүйлийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн бодлогыг баримт бичгүүдийг баталж, сүүлийн гурван жилийн хугацаанд гишүүн орнуудын дунд яриа хэлэлцээ хийсэн “Цар тахлын эсрэг хэлэлцээр”-ийг баталлаа гэж ГХЯ-наас мэдээллээ.