“Шивээ-Овоо” уурхайн ажилчдын гүйцэтгэлийн үр дүнг 50 хүртэл хувиар нэмэх үүрэг өглөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-08-16 14:04:26

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр “Шивээ Овоо”ХК-ийн уурхайд ажиллалаа.


Шивээ Овоогийн уурхай бол монгол геологич, инженерүүдийн ур чадвараар байгуулсан стратегийн ач холбогдол бүхий хүрэн нүүрсний орд юм. Тус уурхай Монгол Улсын эрчим хүчний үйлдвэрлэлийн 28, “ДЦС-4” ТӨХК-ийн 50, Амгалан дулааны станцын 80 хувь, орон нутгийн станцууд болон төмөр замын нүүрсний хэрэглээг хангадаг. Энэ онд 2.5 сая тонн нүүрс олборлож нийлүүлнэ. Өнөөдрийн байдлаар төлөвлөгөөгөө 60 гаруй хувьтай биелүүлжээ.


Гучин таван жилийн түүхэнд 45 сая тонн нүүрс олборлон борлуулаад буй тус уурхайд өр төлбөр, дизель түлш, тэсрэх бодис, вагон хангамж дутагдаж эхэлсэн байна. Үүнээс гадна уурхайд 7 жилийн өмнөөс хөрсний гулгалт үүссэн нь хамгийн том асуудал болоод байна. Нэг км урт, 5-35 метрийн өргөнтэй ан цав үүссэнийг тогтоож, торгоож байгаагаа Ерөнхий сайдад танилцууллаа. Ан цав үүссэн хэсэг газарт олборлолтыг зогсоож, хагарал тэлэхээс сэргийлжээ.


Ерөнхий сайд Г.Зандашатар уурхайн нөхцөл байдлыг сонсож, албан тушаалтнуудад үүрэг даалгавар өглөө. Уурхай ашигтай, ажил урагштай байхад хүний оролцоо хамгийн чухал. Тиймээс уурхайн ажилтнуудыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлж, гүйцэтгэлийн үнэлгээг 50 хүртэл хувиар үе шаттайгаар нэмэгдүүлэхийг үүрэг болгов. Мөн уулын ажлын төлөвлөгөөг судалгаа, тооцоотой гаргах, нөөцөө нэмэгдүүлэх, техникийн шинэчлэл хийх, үр ашгаа сайжруулж, өр төлбөрөө барагдуулахыг уурхайн Гүйцэтгэх захирал болон холбогдох албаныханд даалгалаа. Цаашид өр нэмж болохгүй, өндөр хүүтэй зээл авч, үр ашиггүй худалдан авалт хийхгүй, хариуцлагатай байхыг онцгойлон анхааруулав. Худалдан авах ажиллагааны хяналтыг сайжруулж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж худалдан авах нэгдсэн стандарттай болгох, үр ашгийг сайжруулах шаардлагатайг Ерөнхий сайд онцоллоо.


Өвөлжилтийн бэлтгэлийг сайтар базааж, цахилгаан, дулааны найдвартай байдлыг хангаж ажиллахыг даалгалаа. Энэ хүрээнд машин техник, тоног төхөөрөмжүүдийн засвар үйлчилгээг хүйтрэхээс өмнө бүрэн дуусгах, шаардлагатай сэлбэг хэрэгсэл худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулахыг тус компанийн удирдлагуудад, энэ ажилд дэмжлэг үзүүлж ажиллахыг "Эрдэнэс Монгол" нэгдэлд үүрэг болгов. “Шивээ Овоо” ХК-ийн танилцуулсан зарим асуудлыг ирэх лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаанаар шуурхай хэлэлцэхээр тогтлоо.

Связанные новости