Монголын хүүхдийн спортын VIII наадам эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Хоёр жил тутамд зохион байгуулдаг хүүхдийн спортын VIII наадам албан ёсоор эхэллээ.
Энэ удаагийн наадмын шигшээ шатанд шалгарсан 21 аймаг, есөн дүүргийн 9-17 насны нийт 6120 тамирчин 31 спортын төрөлд 271 багц медалийн төлөө өрсөлдөх юм.
Наадмыг нээж БТСУХ-ны дарга Э.Билэгт хэлсэн үгэндээ, “Энэхүү наадмыг Засгийн газрын тогтоолоор 2018 оноос хойш хоёр жил тутам зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Ингэснээр зуны спортын төрлийг сурталчлах, өсвөр үеийнхний бие бялдрыг чийрэгжүүлж, спортоор хичээллэгчдийн тоог нэмэгдүүлэх, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, тив, дэлхийн тэмцээнд өрсөлдөх шилдэг тамирчдыг нээн илрүүлэх, шигшээ багийн залгамж халааг бэлтгэх зэрэг олон чухал ач холбогдлыг бий болгосон. Наадмын шигшээ тэмцээнүүд сонирхолтой, өрсөлдөөнтэй болж, уран хурц тоглолтууд гарч, оюун ухаан, бие бялдрын өндөр ур чадвар шаардсан, спортын дээд амжилтуудыг шинэчлэн тогтоосон үйл ажиллагаа болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлов.
Тус наадмын тэмцээнүүд өчигдөр эхэлсэн бол өнөөдөр нээлтийн ёслол болж, галт бамбарыг асаалаа. Уг ёслолд спортын салбарын удирдлагууд болон спортоос төрөн гарсан алдартай тамирчид, өсвөрийн шилдгүүд оролцов.
VIII наадам
чөлөөт бөх, жүдо, байт харваа, буудлага, бадминтон, волейбол, сагсан бөмбөг,
гимнастик, даам, ширээний теннис, шатар, сагсан бөмбөгийн 3х3, самбо, усанд
сэлэлт, таеквондо, дугуй, хөнгөн атлетик, хүндийг өргөлт, и-спорт, модон
барилдаан, холимог тулаан, дуатлон, жюү жицү, бүжиг, хөлбөмбөг, хүндийг өргөлт,
боксын төрлөөр аваргуудаа тодруулах юм. Мөн пара бочи, хөнгөн атлетик, хонхот бөмбөг, диф
сагсан бөмбөгийн 3х3, даам, тусгай хөнгөн атлетик, хамтарсан хөлбөмбөгийн
төрөлд аваргуудаа тодруулах ажээ.
Наадмын нээлтийн ёслолд ССАЖЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг, Залуучуудын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Батдорж, МҮОХ-ны ерөнхий нарийн дарга Э.Бадар-Ууган, Монголын хүүхдийн спортын наймдугаар наадмын зохион байгуулах хорооны дарга О.Гэрэл тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.