“Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр”-ийн үр дүнг танилцуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. “Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр”-ийн хэрэгжилт, үнэлгээний тайлан болон үр дүнг танилцуулах уулзалт өчигдөр боллоо.
Энэхүү хөтөлбөр нь оролцогчдын ур чадварыг хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэх боломжийг нь нэмэгдүүлснээрээ онцлог юм. 2020 оноос Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Дэлхийн банкны санхүүжилтээр “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ төслийн хүрээнд “Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр”-ийг сургалт, үнэлгээ, судалгааны институт хэрэгжүүлж, хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй 17 мэргэжлийн хүрээнд ур чадвар олгох сургалтыг зохион байгуулжээ.
Сургалтад 725 хүн хамрагдаж, мэргэшүүлэх сургалтад 300, иргэний өмнөх мэдлэг ур чадварыг хүлээн зөвшөөрөх (RPL) үнэлгээнд 200 иргэнийг хамруулсан байна. Хөтөлбөрийн үр дүнгийн үнэлгээ, процессын судалгааг “Нийгмийн бодлого, хөгжил судалгааны хүрээлэн” гүйцэтгэж, судалгааны арга зүйн зөвлөмжөөр дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан талаар ГБХНХЯ-наас мэдээллээ.