Хайгуулын 2142, ашиглалтын 1564 тусгай зөвшөөрөл хүчинтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-11-03 16:35:34

Өнөөдрийн байдлаар хайгуулын 2142, ашиглалтын 1564 тусгай зөвшөөрөл байгаа бөгөөд энэ нь 14.7 сая гектар буюу Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 9.4 хувийг эзэлж байна хэмээн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Тодруулбал 22 талбайд 19 компани бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулж буй аж. Газрын тосны хайгуулын 32 талбай ялгаснаас өнгөрсөн есдүгээр сарын байдлаар нэг талбайн бүтээгдэхүүн хуваах гэрээ дуусгавар болж, нэг талбайн бүтээгдэхүүн хуваах гэрээ цуцлагджээ. Хайгуулын тусгай зөвшөөрлийг 37 удаа цахим хэлбэрээр 3915 дугаар олгож, 2335 өргөдлийг хянан шийдвэрлэсэн байна.

Бүртгэлтэй байгаа нийт өргөдлийн талбайн хэмжээ нь 13.26 сая гектар бөгөөд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор нийтэд зарласан 20.9 сая гектар талбайн 63.44 хувийг эзэлж буй юм.

 Б.Заяа

Связанные новости