БАЯНХОНГОР: 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-05-12 14:43:19

Баянхонгор, 2025 оны тавдугаар сарын /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Богд сумын төвөөс баруун урд зүгт 27 км-т, Баянговь сумын төвөөс хойд зүгт 32 км, Жинст сумын төвөөс урд зүгт 44 км, аймгийн төвөөс 130 км, Улаанбаатар хотоос 700 км-т энэ сарын 11-ний өдрийн 20:51:33 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө.


Мэдээллийг мөн өдрийн Одон орон геофизикийн хүрээлэнгээс 21:22 цагт мэдээлсэн бөгөөд аймгийн Онцгой байдлын газар тус сумын Засаг даргаас тодруулахад, Богд сумын төвийн “Хориулт” 6 дугаар багийн нутагт газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй гэжээ. Мөн Буянт 5 дугаар багийн Засаг дарга болон ойр нутагладаг гурван өрхөөс тодруулахад, газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэсэн байна.


Монголд болсон газар хөдлөлтийн хамгийн томд тооцогдох газар хөдлөлт 1957 оны 12 дугаар сарын 4-ний 11 цаг 38 минутад тус сум буюу Баянхонгор аймгийн Богд сум, Их богдын нуруунд бүртгэгдэж байжээ. 


Газар хөдлөлтийн хүч 8-9 магнитуд /11-12 балл/ байсан бөгөөд одоо хүртэл газар хөдлөлтийн хагарал нь хэвээрээ төдийгүй тус ууланд газар хөдлөлтөөс үүссэн нуур ч байдаг. Энэ газар хөдлөлтөөс их, бага Богдын нурууд ба Бахар уулын ар, өвөр бэл, ёроолыг дагаж зүүн өмнөөс баруун хойш үргэлжилсэн ан цавууд үүсэж тогтсон байдаг бөгөөд уртаараа 130 км орчим газрыг хамарсан байдаг.

Связанные новости