Гал зогсоох тохиролцоог зөрчсөн гэж Энэтхэг, Пакистан бие биеэ буруутгажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны тавдугаар сарын 11 /BBC/. Энэтхэг, Пакистан улсууд гал зогсоох тохиролцоонд хүрсэн боловч уг тохиролцоог зөрчсөн гэж харилцан бие биеэ буруутгажээ.
Энэтхэгийн Гадаад хэргийн дэд сайд Викрам Мисри бямба гарагт мэдэгдэхдээ, гал зогсоох тохиролцоо хэдэн цагийн туршид олон удаа зөрчигдсөн гэжээ. Үүний дараа Пакистаны Гадаад хэргийн яамны төлөөлөгч тохиролцоог зөрчсөн гэж Энэтхэгийн талыг буруутгасан байна.
Гэсэн хэдий ч Пакистан эрх баригчид гал зогсоох тохиролцоог сахихад тууштай байхаа мэдэгдсэн байна. “Гал зогсоох тохиролцоог сахиж мөрдөхтэй холбоотой аливаа асуудлыг зохих түвшинд хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай гэж бид үзэж байна. Цэргүүд мөн хариуцлагатай, тэвчээртэй байх хэрэгтэй” гэж Пакистаны ГХЯ мэдэгджээ.
Бямба гарагт буюу өчигдөр Энэтхэг, Пакистаны эрх баригчид гал зогсоож, хэлэлцээ хийж эхлэхээр тохиролцсон байна. “АНУ-ын зуучлалаар шөнөжин үргэлжилсэн яриа хэлэлцээний дараа Энэтхэг, Пакистан хоёр улс нэн даруй гал зогсоох тохиролцоонд хүрснийг дуулгахад таатай байна” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Truth Social” нийгмийн сүлжээнд бичжээ.