“Баруун сэлбэ” төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмчид буцаан авлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Нийслэлийн алдагдсан өмч хөрөнгийг эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна.
Энэ хүрээнд “Баруун Сэлбэ” үйлчилгээний төвийн барилгын “Ж” блокийн зүүн жигүүрт байрладаг “Улаанбаатар Радио”-д хамаарах нийт 1222 ам метр талбайг нийслэлийн өмчид буцаан авлаа. Тодруулбал, уг гурван давхар барилга нь 1991 онд худалдааны төвийн зориулалтаар ашиглалтад орсон байдаг.
Тэгвэл УИХ-ын 1999 оны 29 дүгээр тогтоолоор нийслэлийн өмчид шилжин ирсэн бөгөөд НӨХГ-ын баланст бүртгэлтэй байжээ. Улмаар 2004 оноос тус төвийн түрээслэгч нарт түрээсэлж буй талбайг нь хувьчилж эхэлсэн бөгөөд 14 иргэн, аж ахуйн нэгжид хувьчилсан байна. Харин “Улаанбаатар радио”-гийн эзэмшиж буй 1222 ам метр талбайг хувьчлаагүй байсан юм. Тус радио энэхүү талбайг менежментийн хувьчлалаар авсан нь үнэн ч 2008 онд шүүхээр хүчингүй болгожээ.
Тиймээс олон жил маргаантай байсан
асуудлыг шийдэж, нийслэл өмчөө буцаан авсан нь энэ. Тэгвэл шаашид газар
ашиглалтыг сайжруулахын тулд нийслэл өөрийн хөрөнгөөр барилгын гадна талбайд
байрлах ашигладаггүй гүүрэн байгууламж, гараашийг нурааж, төсөл хэрэгжүүлэх аж.