Салхин цахилгаан станцын төсөл хэрэгжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Эрчим хүчний реформын үндэсний хороо, дэлхийн сэргээгдэх эрчим хүчний тэргүүлэгч компаниудын нэг болох UPC Renewables компанитай өчигдөр Нью-Йорк хотноо харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав.
Тус
компани Дундговь аймагт нийт 2,400 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай салхин
цахилгаан станцын төслийг хэрэгжүүлнэ.
Төсөл нь Монгол Улсын
сэргээгдэх эрчим хүчний нөөцийг үр ашигтай ашиглах, үйлдвэрлэсэн цэвэр эрчим
хүчийг бүс нутгийн зах зээлд, тэр дундаа БНХАУ-д экспортлох, дотоодын эрчим
хүчний найдвартай байдлыг нэмэх, мөн манай улсын нүүрстөрөгчийн ялгарлыг багасгахад хувь нэмэр оруулах юм.
Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эрчим хүчний реформын Үндэсний хорооны
дарга Т.Доржханд энэ талаар онцлохдоо “Монгол
Улс сэргээгдэх эрчим хүчний асар их боломжоо бүрэн ашиглах алхам хийлээ. Бид цэвэр эрчим хүчний
экспортыг нэмж, бүс нутгийн ногоон хөгжилд хувь нэмэр оруулан, эдийн засгийн
шинэ боломжийг нээхийг зорьж
байна” гэжээ.
UPC Renewables Asia Pacific компанийн Гүйцэтгэх захирал
Эндрю Жон Сазерленд хэлэхдээ “Энэ
түншлэл нь Дундговь аймгийн салхины нөөцийг ашиглан, БНХАУ-д экспортлох, мөн
Монгол Улсын төвийн эрчим хүчний системийн найдвартай байдлыг нэмэхэд чиглэсэн,
найдвартай, өрсөлдөхүйц үнэ бүхий цэвэр эрчим хүч нийлүүлэх боломж бүрдүүлж
байна. Бид Монгол Улсад олон улсын хөрөнгө оруулалтыг татаж, тогтвортой аж
үйлдвэрийн хөгжилд хувь нэмэр оруулахын төлөө ажиллана” хэмээсэн байна.
Эрчим хүчний реформын үндэсний хорооны мэдээлэлд төслийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний байгууламжийн
тодорхой бүрэлдэхүүн хэсгүүдийг Монголд дотооддоо үйлдвэрлэх, төслийг барьж
байгуулах, ашиглалтад оруулахад шаардагдах ур чадварыг эзэмшүүлэх сургалтын төв
байгуулах зорилт тавиад байгааг тодотгожээ.