СЭЛЭНГЭ: Эрчим хүчний сэргэлтийг эрчимжүүлэх асуудлаар санал солилцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-04-07 11:53:06

Сүхбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Хармөрөн мужийн Харбин хотын төвлөрсөн дулаан хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Харбин Хонггуан зуухны үндсэн үйлдвэр” компанийн төлөөлөгчид өнгөрсөн амралтын өдрүүдэд Сэлэнгэ аймагт зочиллоо.

 

Зочдыг Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, удирдлагын баг бүрэлдэхүүн, аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн хамт хүлээн авч уулзан, эрчим хүчний сэргэлтийг эрчимжүүлэх асуудлаар санал солилцлоо.

 

Мөн тус аймгийн сумдад дулааны цахилгаан станц барих төслийн хүрээнд тус мужийн Харбин хотын дулаан хангамжийн талаар туршлага судлах, хамтран ажиллах талаар ярилцлаа.

 

Аймгийн удирдлагуудын зүгээс Сэлэнгэ аймгийн 17 сумын халаалтын зуухны хүчин чадал, хүлээгдэж байгаа ачааллын талаар танилцуулж, нүүрс, усны хатуулагт тохирсон шинжлэх ухааны үндэслэлтэй стандарт зуух хийлгүүлэх саналтай байгаагаа илэрхийллээ.

 

Уулзалтын хүрээнд эхний ээлжид Сэлэнгэ аймгийн сумдын дулааны станцын одоогийн нөхцөл байдал, техник, технологийн хувьд тулгарч буй хүндрэл бэрхшээл, ачааллын хүчин чадлыг танилцуулж, тэдгээрийг шинэчлэх, өргөтгөх, байгаль орчинд сөрөг нөлөө багатай, хэмнэлттэй, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх боломжийг хамтран судлахаар болов.  

 

Орон нутагт дулааны станцыг үе шаттайгаар шинэчилж, хүчин чадлыг нэмэгдүүлснээр иргэдийн ая тухтай амьдрах, сурч боловсрох орчин нөхцөл бүрдэж, дулаан хангамжийн хүртээмж, найдвартай байдал сайжрахаас гадна эдийн засгийн тогтвортой өсөлтөд бодит дэмжлэг үзүүлэх зэрэг чухал ач холбогдолтой юм.

 

Сэлэнгэ аймагт 70мВт цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажил эхлээд явж байгаа бөгөөд уг станцыг 210мВт хүчин чадалтай болгон нэмэгдүүлэх асуудал яригдаж байгаа юм.

 

Связанные новости