"Их хотын хямдрал-377"  үзэсгэлэн, худалдаа даржин болсныг иргэд шүүмжлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-10-28 17:10:34

Гадны улс орнууд  хямдралыг зарласан шиг зарлаж иргэдээ хуйлруулдаг. Харин энэ жишгийг Монголчууд үгүйлсээр олон жил болж байна.

Эдийн засгийн  хүндрэлээс шалтгаалан худалдааны салбарт эргэлдэх мөнгөний хэмжээ  саарсан ч аж ахуйн нэгжүүд борлуулалтаа нэмэх үүднээс бүтээгдэхүүнээ 50 хүртэлх хувиар бууруулах болов уу гэсэн хүлээлт  Нийслэлчүүдэд байв.

Тэгвэл Төв талбайд нээсэн "Их хотын хямдрал-377"  үзэсгэлэн, худалдаанд оролцож буй аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ 10-40 хувийн хямдралтай борлуулж буй гэх ч жирийн үед борлуулдаг үнээр худалдаж байна хэмээн иргэд шүүмжлэлтэй хандаж байна. НЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран 4 дэх жилдээ зохион байгуулж буй “Их хотын хямдрал - 377” өдөрлөгт өмнөх жилүүдээс аж ахуйн нэгжүүдийн оролцоо буурч, хөл хөдөлгөөн  татарчээ.

 "Их хотын хямдрал-377"  үзэсгэлэн, худалдааны үеэр иргэд ийнхүү ярив.

Сүхбаатар дүүргийн иргэн Б.Энхтуяа:

- Хотын зад хямдрал гээд байсан ч өмнөх жилүүд шиг бүтээгдэхүүнээ хямдруулсангүй. Дэлгүүрт борлуулдаг үнээрээ л бүтээгдэхүүнээ худалдаж байна. Энэ жил сонголтын хувьд ч тааруухан байна. Хэдэн ноос, ноолуур савхин эдлэлээс өөр зүйл алга. Монголын компаниудаас зад хямдрал хүлээх хэрэггүй юм байна.

СХД-ийн иргэн Т.Намжил:

-Хотынхоо ойгоор үндэсний том компаниуд бодит хямдрал зарлах хэрэгтэй. Том компаниуд нь энэ жилийн үзэсгэлэн худалдаанд яагаад оролцсонгүй вэ. Хятадын бүтээгдэхүүн, оросын бүтээгдэхүүн харагдсан. Уг нь үндэснийхээ бүтээгдэхүүнээр оролцож нийслэлийн иргэддээ бэлэг барих ёстой биз дээ. Аливаа ажлыг сайн гүйцэтгэлтэй зохион байгуулах хэрэгтэй ор нэр төдий ажил гэдэг нь харагдаж байна.

Чингэлтэй дүүргийн иргэн Н.Сүх-Эрдэнэ:

-Гадны улс орнууд бараа, бүтээгдэхүүнээ 70  хүртэлх хувиар хямдруулдаг. Харин манайхан хямдрал зарлаж сураагүй байна. Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжин бүтээгдэхүүн худалдан авъя гэсэн боловч олигтой зүйл алга гэв. Ийнхүү хоёр өдөр үргэлжлэх их хотын хямдралтай үзэсгэлэн худалдаа иргэдийн сэтгэлд нийцсэнгүй.

 Дашрамд дурдахад  өнгөрсөн оны  "Их хотын хямдрал" үзэсгэлэн, худалдаанд 100 гаруй аж ахуйн нэгж оролцож, 300 мянга орчим иргэн нэг тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн гэсэн дүн мэдээ байна.

 Б.Заяа

Гэрэл зургийг Б.Чадраабал

 


 

Связанные новости