Д.Трампын татварын эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН, 2025 оны гуравдугаар сарын 5 /VOA/. Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-д нийлүүлж буй бараа бүтээгдэхүүнд нь шинээр татвар ногдуулсны хариуд тус улсаас импортолж буй бараанд татвар ногдуулна гэж Канад, Мексик, Хятад улсууд мягмар гарагт мэдэгджээ.
Худалдааны хоёр том түнш орон болох Мексик, Канадын бараа бүтээгдэхүүнд АНУ мягмар гаргаас 25 хувийн шинэ татвар ногдуулж, Хятадын бараанд ногдуулаад байсан 10 хувийн татварыг хоёр дахин нэмэгдүүлж, 20 хувь болгосон байна.
Д.Трампын
шаардсаны дагуу хууль бус цагаачлал, мансууруулах бодисны
урсгалыг хязгаарласан гэж Мексик,
Канадын эрх баригчид мэдэгдсэн хэдий
ч шинээр татвар ногдуулжээ. Даваа
гарагт Д.Трампын хийсэн мэдэгдлийн дараа Америкийн гол индексүүдийн ханш огцом унаж, мягмар гаргийн арилжаа
эхлэхэд тус бүр нь 2 орчим хувиар буурсан байна.
Д.Трампын хэлснээр, эдгээр татвар нь Америкийн хэрэглэгчид болон бизнес эрхлэгчдэд түр зуурын эдийн засгийн хүндрэл учруулж, гурван улсын барааны үнэ өсөх магадлалтай боловч урт хугацаандаа, эдгээр гурван улсад үйл ажиллагаа явуулдаг корпорацууд татвараас зайлсхийхийн тулд үйлдвэрлэлээ Америк руу шилжүүлэхэд түлхэц болох ажээ. Тэрбээр “Truth Social” нийгмийн сүлжээнд бичихдээ, “Хэрэв компаниуд АНУ руу нүүвэл ямар ч татвар байхгүй!!!” гэжээ.
Харин Канадын
Ерөнхий сайд Жастин Трюдо мэдэгдэхдээ,
манай улс Д.Трампын шийдвэрийн эсрэг хариу арга хэмжээ
авна гээд “энэ үндэслэлгүй шийдвэрийг хариу барихгүйгээр өнгөрүүлэхгүй”
гэсэн байна. Түүний хэлснээр, Канад улс Америкийн 107
тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулах ажээ.
Мөн Мексикийн
Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум АНУ-ын бараа бүтээгдэхүүнд хариу татвар ногдуулна гэдгээ мэдэгдээд, ирэх ням
гарагт Мехико хотын төв талбайд болох
олон нийтийн цуглааны үеэр
ямар бүтээгдэхүүнд татвар
ногдуулахаа зарлана гэж хэлсэн
байна.
Хятадын Худалдааны яамнаас мягмар гарагт мэдэгдэхдээ,
татвар нэмэгдүүлэх АНУ-ын шийдвэрийг эрс эсэргүүцэж, Хятад
улс өөрийн эрх ашгийг хамгаалахын тулд хариу арга хэмжээ авна гэлээ. Түүнчлэн энэ татвар нь
Дэлхийн худалдааны байгууллагын дүрмийг зөрчиж, Америк, Хятадын эдийн засгийн
хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгааг дурджээ.
Гуравдугаар сарын 10-наас эхлэн Хятад улс Америкийн тахианы мах, улаан буудай, эрдэнэ шиш, хөвөнгийн импортод 15 хувийн татвар ногдуулна гэж Хятадын Сангийн яам мэдэгдсэн байна. Америкийн шар буурцаг, гахайн мах, үхрийн мах, жимс жимсгэнэ, хүнсний ногоо, сүүн бүтээгдэхүүнд 10 хувийн татвар ногдуулна гэж тус яамны мэдэгдэлд мөн дурджээ.