Гар утас хэрэглэсэн гэх шалтгаанаар К.Шевченког тэмцээнээс хасжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МАДРИД, 2024 оны
аравдугаар сарын 18 /Anadolu/. Румын улсыг төлөөлөн олон улсын тэмцээнүүдэд оролцдог шатрын их мастер Кирилл
Шевченког тэмцээний үеэр гар утас ашигласан гэх шалтгаанаар Испанид болж буй тэмцээнээс хасжээ.
Дэлхийн чансааны 69-т эрэмбэлэгдэж буй шатарчин Мелилла хотод
болсон Испанийн багийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөж байхдаа “тоглолтын үеэр гар утас ашигласан” гэх мэдээлэл ирсэн гэж Испанийн шатрын холбооноос /FEDA/ мэдээлсэн байна.
“FEDA нь
шатрын спортыг хууран мэхлэх үйлдлээс
ангид байлгах тууштай амлалтаа хадгалж, аливаа илэрсэн хэрэг
явдалд аль болох хатуу арга хэмжээ авах болно. Ийм явдал болсонд бид гүнээ харамсаж байна. Хувь хүний энэ үйлдэл нь түүний клуб болон багийнх нь
бусад гишүүний өө сэвгүй гүйцэтгэлд
нөлөөлөхгүй гэдгийг онцлохыг хүсэж байна” гэж уг мэдэгдэлд дурджээ.
Өдгөө 22 настай К.Шевченкогийн
харьяалагддаг “Silla - Integrant Collectius” клуб мөн дээр дурдсан хэрэгтэй холбогдуулан тамирчинтай спортын харилцаагаа тасалсан гэдгээ Facebook хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
Испанид болсон тэмцээний эхний тойргийн үеэр К.Шевченко
шатрын хөлгийн ард суухгүй удаан
хугацаагаар алга болсон нь сэжиг төрүүлсэн гэж Chess.com мэдээлжээ.
“Хүрч болохгүй!
Энэ утсыг эзэн нь шөнө ашиглахын
тулд үлдээсэн” гэсэн гараар
бичсэн тэмдэглэл бүхий гар утас ариун
цэврийн өрөөнөөс олдсон гэж ахлах
шүүгч Оскар Бруно де Прадо Родригес
хэлсэн байна. Улмаар шүүгчид К.Шевченкогийн онооны хуудсан дээрх тэмдэглэлтэй бичгийн хэв болон бэх төстэй байгаа талаар мэдээлсэн
бөгөөд шалгах ажиллагаа
явуулахыг хүсжээ.
“К.Шевченкогийн эсрэг ийм ноцтой мэдэгдлийг заавал баттай нотлох баримтаар баталгаажуулах ёстой” гэж Румын улсын шатрын холбооноос мэдэгдсэний сацуу, “шударга тоглох дүрмийг зөрчих явдлыг үл тэвчдэг” гэдгээ дурдаад, эл хэрэг явдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл гарахыг хүлээж байна гэжээ.
Украин гаралтай К.Шевченко 2023 оноос Румын улсыг төлөөлөх болсон юм. Тэрбээр 2017 онд буюу 14 настайдаа шатрын их мастер цол хүртсэн билээ.