Эхний хагас жилд халамжид хамрагдагсад 2023 оныхоос 183 хүнээр буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
erdenebat@montsame.mn
2024-07-22 12:23:14

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Нийгмийн даатгалын сангийн орлого 2024 оны эхний хагас жилд 2668.9 тэрбум төгрөг болжээ.


Энэ нь 2023 оны мөн үеийнхээс 751.6 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн дүн юм. Тус сангийн орлого нэмэгдэхэд:

  • тэтгэврийн даатгалын сангийн орлого 714.8 тэрбум төгрөгөөр,
  • ажилгүйдлийн даатгалын сангийн орлого 26.4 тэрбум төгрөгөөр нөлөөлжээ. 

Эхний хагас жилд 504.5 мянган хүнд 2256.7 тэрбум төгрөг тэтгэврийн даатгалын сангаас олгожээ. Энэ оны эхний хагас жилийн тэтгэвэр авагчид 2023 оны мөн үеийнхээс 15.5 мянган хүнээр, олгосон тэтгэврийн хэмжээ 637.0 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.


Ажилгүйдлийн тэтгэмжид  эхний хагас жилд 12.5 мянган хүнд 62.1 тэрбум төгрөг олгосон нь 2023 оны мөн үеийнхээс 3.2 мянган хүнээр буурчээ. Харин олгосон тэтгэмжийн хэмжээ 10.1 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.


Нийгмийн халамжийн тэтгэвэрт эхний хагас жилд 57.2 мянган хүн хамрагдсан нь 2023 оны мөн үеийнхээс 183 хүнээр буурсан аж. Гэхдээ олгосон тэтгэврийн хэмжээ 116.0 тэрбум төгрөг болж 23.6  тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.


Нийгмийн халамжийн тэтгэвэрт хамрагдсан иргэдийн хувьд:

  • 59.9 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн,
  • 27.7 хувь нь тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд,
  • 12.2 хувь нь ахмад настан,
  • 0.2 хувь нь 16 насанд хүрсэн одой иргэн,

Нийгмийн халамжийн тэтгэмжид эхний хагас жилд138.0 тэрбум төгрөг олгосон нь 2023 оны мөн үеийнхээс 82.2 /2.5 дахин/ тэрбум төгрөгөөр нэмэгджээ.


Халамжид эхний хагас жилд 129.9 мянган хүн хамрагдсан тухайд:

  • 52.2 хувь нь асаргааны тэтгэмжид,
  •  47.8 хувь нь онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид,


НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ХАМРАГДАГЧИД, төрлөөр, жил бүрийн эхний хагас жилийн байдлаар


Нийгмийн даатгалын сан: Ажил олгогч, даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үйлчилгээнд зарцуулах, нийгмийн даатгалын үйл ажиллагааны зардлыг нөхөх зорилгоор төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг хэлнэ.


Тэтгэмж: Хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдах, жирэмсний, амаржсаны чөлөө эдлэх, ажилгүй болох тохиолдолд даатгуулагч өөрт нь, даатгуулагч нас барах тохиолдолд гэр бүлд нь хуульд заасан болзол, нөхцөлийн дагуу нийгмийн даатгалын сангаас тодорхой хугацаанд буюу нэг удаа олгох мөнгөн олговор байна гэж Үндэсний статистикийн хорооноос тайлбарлажээ.

Связанные новости