Зэвсэглэлд хяналт тавих тухай Хятад, Америкийн зөвлөлдөх уулзалтыг зогсоожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЭЭЖИН, 2024 оны долоодугаар сарын 17 /chinanews/. Америкийн тал Тайвань арлын засаг захиргаанд зэвсэг худалдсантай холбогдуулан Хятад улс АНУ-тай зэвсэглэлд хяналт тавих, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай зөвлөлдөх уулзалтыг түр зогсоохоор шийдвэрлэжээ.
Дээрх мэдэгдлийг БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Лин Зянь хэвлэлийн бага хурлын үеэр хийлээ.
"Америкийн тал Хятад улсын шийдэмгий эсэргүүцэл, удаа дараагийн мэдэгдлийг үл тоомсорлож, Тайванийн засаг захиргаанд зэвсэг худалдсаар байсан тул Бээжин Вашингтонтой хийх зөвлөлдөх уулзалтыг түр зогсоох шийдвэр гаргалаа" гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ.
Үүсээд буй нөхцөл байдлын хариуцлагыг Америкийн тал хүлээх ёстой гэдгийг Хятадын дипломатч онцолжээ. Гэсэн хэдий ч тэрбээр Хятад улс "харилцан хүндэтгэх, энх тайвнаар зэрэгцэн орших, харилцан ашигтай хамтын ажиллагааны үндсэн дээр" олон улсын зэвсэглэлд хяналт тавих асуудлаар Вашингтонтой холбоо тогтооход бэлэн байгааг нэмж дурдсан байна.