ХАМАС: Израилын тал түрэмгийллээ зогсоовол зэвсгээ хураалгана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-12-07 11:00:32

ГАЗА, 2025 оны арванхоёрдугаар сарын 7 /Xinhua/. “Израилын тал эзлэн түрэмгийллээ зогсоовол” манай бүлэглэл зэвсгээ хураалгана гэж Газын зурвас дахь ХАМАС бүлэглэлийн толгойлогч Халил аль-Хайяа бямба гарагт мэдэгджээ.


“Бид зэвсэг эзэмшиж байгаа нь эзлэн түрэмгийлэлтэй холбоотой бөгөөд хэрэв уг ажиллагаа дуусвал зэвсгээ улсад хүлээлгэн өгөх болно” гэж тэрбээр “Al Jazeera” телевизэд ярилцлага өгөх үеэрээ хэлсэн байна. Мөн зэвсгийн талаар фракцууд болон зуучлагчидтай хэлэлцэж байгаа бөгөөд хэлэлцээ эхний шатандаа явж байна гэж нэмж хэлжээ.


Ярилцлагын үеэр Х.Аль-Хайяа мөн “амиа алдсан барьцааны хүмүүсийн цогцсыг хайх ажиллагааг ням гаргаас шинэ газруудад явуулна” гэдгийг дурдсан байна. Энэ оны 10 дугаар сарын 10-нд гал зогсоож эхэлснээс хойших Газын зурвас дахь хүмүүнлэгийн байдлын талаар Х.Аль-Хайяа хэлэхдээ, Израил “дайны үе мэт зарим материалыг Газ руу оруулахад саад болж байна” гэж мэдэгджээ.


“Газын зурвас руу нэвтрүүлж буй тусламжийн хэмжээнд бид сэтгэл хангалуун бус байгаа бөгөөд зуучлагчдыг хөндлөнгөөс оролцохыг уриалж байна" гэж тэрбээр хэлсэн байна. ХАМАС өмнө нь зэвсгээ хураалгахаас татгалзаж, энэхүү нөхцөлийг улаан шугам гэж үзэж байсан бол Израилын тал Газад гал зогсоох хэлэлцээрийн хоёр дахь үе шатанд ХАМАС болон Палестины бусад бүлэглэл зэвсгээ хураалгахыг гол нөхцөл хэмээн үзэж байна.  

Связанные новости