Б.Нетаньяху: ХАМАС-тай гал зогсоох хэлэлцээг ирэх долоо хоногт үргэлжүүлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТЕЛЬ-АВИВ, 2024 оны долоодугаар сарын 6 /VOA/. Израилын тагнуулын байгууллагын /Моссад/ дарга Дохад уулзалт хийсний дараа Израил, ХАМАС-ын дайны галыг зогсоох хэлэлцээг ирэх долоо хоногт үргэлжлүүлэхээр болжээ. Энэ тухай Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн ажлын алба баасан гарагт мэдээлсэн байна.
Гал зогсоох хэлэлцээр болон барьцаалагдсан хүмүүсийг суллах асуудлаар талуудын хооронд санал зөрөлдөөн хэвээр байгааг тус албаныхан тэмдэглэжээ.
Баасан гарагт буюу өчигдөр Моссад-ын дарга Дэвид Барнеа Катар дахь зуучлагчидтай уулзсан бөгөөд ХАМАС бүлэглэлийнхэн гал зогсоох саналаа шинэчилсэн тул Израилын тал хэлэлцээг сэргээнэ гэж мэдэгдсэн байна.
ХАМАС-ын төлөөлөгч баасан гарагт хэлэхдээ, Газад гал зогсоох Америкийн төлөвлөгөөнд оруулсан өөрчлөлтийг зуучлагчид "зөвшөөрсөн" хэдий ч тэдний хэлснээр "Израилын байр суурь тодорхойгүй байна" гэжээ.
Израилын Ерөнхий сайд Б.Нетаньяхуг энэ сард Вашингтонд айлчлах үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден түүнтэй уулзаж магадгүй гэж Цагаан ордон баасан гарагт мэдэгдсэн байна.
Израилын цэргийнхэн "терроризмтой тэмцэх ажиллагаа" гэж тодорхойлсон дайралтын дараа Иордан голын Баруун эрэг дэх Женин хотод долоон палестин хүн амиа алдсан гэж Палестины эрх баригчид мэдэгдээд байгаа үед гал зогсоох хэлэлцээг сэргээх асуудлаарх яриа хэлэлцээ болж байна.