Йеменчүүд халдлагыг эсэргүүцэн жагсаал хийлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-10-10 07:52:49

САНАА. /ВВС/. Өнгөрсөн бямба гарагт бөмбөгдөлтөнд 140 хүн амь үрэгдсэний дараа Йемений хэдэн арван мянган иргэн нийслэл Санаа хотод жагсаал хийж эсэргүүцлээ илэрхийллээ.

Тэд Саудын Арави тэргүүтэй эвслийн хүчнийхнийг агаараас цохилт өгсөн гэж буруутгаж байна. Жагсагчид НҮБ-ын байрны гадаа цуглан энэ хэргийг олон улсын шинжээчдээс бүрдсэн баг гарган мөрдөн шалгахыг шаарджээ.

Харин Саудын Арави бөмбөгдөлттэй ямар ч хамаагүй гээд, хэргийг мөрдөн шалгана гэв.

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Йемений засгийн газрыг Саудын Арави дэмжин өнгөрсөн оноос эхлэн агаараас цохилт өгөх ажиллагаа явуулж байгаа юм.

Нийслэл Санаа хотыг хяналтандаа аваад байгаа “Хусит” бүлэглэлийн босогчдыг дэмжигч Али Абдулла Салех /Йемений Ерөнхийлөгч асан/ хариугаа авахын тулд Саудын Аравийн хилийн цэргүүд рүү дайрахыг ард иргэддээ уриалжээ.

“Хусит” бүлэглэлийн толгойлогч бөгөөд Дотоод хэргийн сайдаар томилогдсон Гаваль Аль-Равишаныг онилсон бямба гарагийн бөмбөгдөлтийн үеэр 500 гаруй хүн шархадсан юм.

Бөмбөгдөлтийн дараах нөхцөл байдлыг нэгэн аврагч “цусан далай” гэж тодорхойллоо.

Ийм халдлага үйлдсэнийг НҮБ, Европын Холбоо болон АНУ зэмлэн буруушааж байна.

НҮБ-ын тэргүүн Бан Ги Мүн хэлэхдээ “энгийн номхон иргэдэд санаатайгаар халдахыг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй” гээд, гэмт этгээдүүдийг олж тогтоон зохих хариуцлагыг ногдуулахыг уриалав.

“Хусит”-ын хэвлэлийн төлөөлөгч энэ халдлагыг “геноцид” гэж тодорхойллоо.

"Йеменд хүмүүнлэгийн ноцтой хямрал нүүрлээд байна. 28 сая хүн амтай тус улсын таван хүн тутмын дөрөвт нь тусламж хэрэгтэй байна" гэж НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газар мэдэгдэв.

Тус улсад 2014 онд иргэний дайн эхэлснээс хойш гурван сая орчим хүн орон гэрээсээ дүрвэжээ.

“Хусит”-ынхан нийслэл хотыг хяналтандаа авснаар тус улсын Ерөнхийлөгч Адб Раббу Мансур Хади оргон зугтсан юм.

НҮБ-аас хамгийн сүүлд өгсөн мэдээллээс үзвэл, Саудын Арави тэргүүтэй эвсэл өнгөрсөн оны гуравдугаар сараас агаараас цохилт өгөх ажиллагаа явуулж эхэлснээс хойш Йеменд 3799 энгийн номхон иргэн амь үрэгджээ.

Г.Доржханд

 

 

Связанные новости