Руанда руу албадан гаргах хууль бус цагаачдыг баривчилж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2024-05-02 10:06:46

ЛОНДОН, 2024 оны тавдугаар сарын 2. /TASS/. Руанда руу албадан гаргахаар төлөвлөж буй хууль бус цагаачдыг Их Британийн Дотоод хэргийн яамны ажилтнууд баривчилж эхэлсэн тухай тус яамны сайд Жеймс Клеверли мэдэгдэв.


Тэрбээр мэдэгдэхдээ "Манай тусгай ангиуд энд байх эрхгүй хүмүүсийг түргэн шуурхай баривчлахаар идэвхтэй ажиллаж байна, ингэснээр бид Руанда руу нислэг үйлдэж эхлэх боломжтой болно" гэжээ. 


Хууль бус цагаачдыг түр байрлуулах төвүүдэд 2 200 хүртэл хүнийг байлгах боломжтой байна. Их Британийн эрх баригчдын төлөвлөгөөний дагуу баривчлагдсан хүмүүсийг Руанда руу бөөнөөр нь албадан гаргах ажиллагаа 9-11 долоо хоногийн дараа эхэлнэ.


Их Британид тавдугаар сарын 2-нд буюу өнөөдөр болох бүс нутгийн сонгуулийн өмнө эрх баригчид хууль бус цагаачлалтай тэмцэх төлөвлөгөөнийхөө хэрэгжилтийг харуулах нь чухал юм. Уг төлөвлөгөөг хоёр орчим жилийн өмнө Борис Жонсоны консерватив засгийн газар танилцуулжээ. Их Британийн шүүх Руанда улсыг албадан гаргасан цагаачдад аюултай гэж үзсэн тул өнөөг хүртэл хэрэгжээгүй байна. Европын хүний эрхийн шүүх ч мөн эсэргүүцжээ.


Үүссэн саад бэрхшээлийг даван туулахын тулд Риши Сунакийн засгийн газар Руанда улстай шинэ гэрээ байгуулж, Африкийн тус улсыг аюулгүй гэж тунхагласан шинэ хуулийг баталжээ. Уг хуульд албадан гаргасан цагаачдын шүүхэд хандах боломжийг хязгаарлах арга хэмжээг тусгасан байна.


Хоёр улсын хооронд байгуулсан гэрээнд зааснаар Их Британиас албадан гаргасан хууль бус цагаачид Руанда болон бусад “аюулгүй гуравдагч орнуудаас” орогнол хүсэх боломжтой.


Ла-Маншийн сувгаар хийлдэг завиар Английн эрэгт хүрсэн хууль бус цагаачдын тоо сүүлийн жилүүдэд тогтмол нэмэгдсэн байна. 2018 оноос хойш Консерватив нам асуудлыг шийднэ гэж амласан ч 110 мянга гаруй хууль бус цагаач Их Британид иржээ. 

Связанные новости