БУЛГАН: Онцгой сэтгэмжтэй зураачийн бүтээсэн газар тариалангийн компанийн хашаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-04-30 17:35:21

Булган, 2024 оны дөрөвдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/.  Хутаг-Өндөр сумын “Гурван борхууд” ХХК-ийн захиалгаар халтар арвайн үйлдвэрийн 60 м хашааны чимэглэлийн зургийг Л.Мөнхзаяа багш урлаж сумынхаа 100 жилд өнгө нэмлээ.


Итали улсад дээд боловсрол эзэмшсэн Л.Мөнхзаяа нь өдгөө Булган аймгийн Хутаг-Өндөр суманд амьдарч, багшилдаг. Орон нутагт суурьшаад гурван жил болж байгаа тэрээр багшлахын зэрэгцээ хүүхэд, багачуудад зориулсан үнэ төлбөргүй, дүрслэх урлагийн дугуйланг хичээллүүлж, 100 гаруй сурагч хамрагддаг.

Дугуйлангийн сурагчид "Тэмүүлэл" үзэсгэлэнгээ хоёр удаа гаргажээ. Тэдний үзэсгэлэнгээс солонгон өнгөтэй пони, наруто гэх мэт мэйнстрийм хэвшмэл дүрүүдийг харахгүй харин хэрхэн жаргал, зовлонг таньж мэдэж байгаагаа өгүүлэх, байгаль дэлхийгээ хайрлах ухаан, өөрийгөө хайрлаж өөртөө хийгээд бусдад урам өгөх, бодлын хүчний талаарх өөрсдийн эргэцүүллээ хуваалцаж буй уран бүтээлчдийг харж байлаа.


Маш концептуал, бүтээлч, орчин үеийн урлагийн олон төрлөөр, уран сайхан илэрхийллийн содон арга техник ашиглан бүтээсэн нь гайхалтай.


Хүүхдийн бүтээлүүдийг хараад бид өхөөрдөн хүлээн аваад сурчихсан муу зуршилтай, харин Хутаг-Өндөрийн хүүхдүүдийн бүтээл асуудал дэвшүүлж чадаж байгаа нь хэдийн сэтгэгч гэдгээ батлах мэт.


Тийнхүү хүүхдийн жинхэнэ найз, эрхэм багш, хүсэл мөрөөдлийнх нь урлаач, зураач, “Биелсэн мөрөөдөл” номын зохиолч Л.Мөнхзаяа хэмээх аж ахуйн хашаа төдийгүй айлын хашааг ч амь оруулдаг онцгой авьяас чөлөөт сэтгэхүйтэй эгэл энгийн бүсгүйн гайхалтай бүтээлийн нэг нь "Гурван борхууд" ХХК-ийн хашааны зураг боллоо.

Связанные новости